Төсвийн байнгын хороо хуралдлаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл мөн Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй учир анхны хэлэлцүүлгээр баталлаа. Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүн: “2013 оны төсвийн төслийг нухацтай бодож, оруулж ирэхгүй бол арай дэндлээ. Засгийн газраас тодорхойгүй хэд хэдэн төсөв оруулж ирж байгаа нь болохгүй. Нэг намын мөрийн хөтөлбөрөөр төсвийг баталж байгаа нь зүйд нийцэхгүй байна” гэж саналаа хэлсэн юм.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг С.Одонтуяа гишүүн танилцууллаа. Тэрбээр 750 сая төгрөгөөр сурагчдад зориулалтын автобус оруулж ирэхээр болсон. Үүнийг татвараас чөлөөлж өгөхийг хүссэн юм. Гэвч гишүүд “Санаа нь их зөв ч шийдэл нь буруу байна. Үүнийг дахин нягтлаад оруулж ирж болох юм” гэлээ. Энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулж санал хураасан ч С.Одонтуяа гишүүний оруулж ирсэн хуулийн төсөл дэмжигдсэнгүй.
С.БАЯСГАЛАН
Сэтгэгдэл ( 0 )