Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн 8.1-д “Сонгуулийн санал авах өдрийг сонгуулийн жилийн 11 дүгээр сарын эхний долоо хоногийн пүрэв гаригт зохион байгуулна” гэдгийг “Сонгуулийн жилийн 11 дүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гаригт зохион байгуулна” хэмээн өөрчлөх саналыг хэлэлцэж баталж, ирэх сарын 21-нд болгосон. Сонгуулийн уур амьсгал аль хэдийнээ орсон энэ үед Хатгал тосгоны бүх иргэд орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй болсон талаар Хатгал тосгоны иргэдийн төлөөлөл болон нутгийн зөвлөлийн дарга, Тосгоны захирагч нарын албаны хүмүүсийн төлөөлөл хэвлэлийн хурал хийлээ. Тус тосгоны иргэд Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн:
1.Хуулийн 4.11.2 дахь заалтад - Баг бүрд ногдох олон мандаттай олонх /мажоритар/-ын хэлбэрээр мандатын тоог тогтоох
2.Хуулийн 19.1 дэх заалтад - Сонгогчдын нэрсийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэн үйлдэнэ гэсэн заалтууд нь Хөвсгөл аймаг Алаг-эрдэнэ сум Хатгал тосгон гэсэн байнгын хаягтай байхад 2015 сонгогчид бид энэ хуулийн гадна үлдэж сонгох, сонгогдох эрх зөрчигдлөө гэж үзсэн юм.
Тодруулбал, Хатгал тосгон нь багт харъяалагдаагүй, Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиар зохицуулагддаг бие даасан тосгон учраас цахим үнэмлэхний хаягаар сонгуульд оролцох байтал багт хамаардаггүй учир эрх зүйн зөрчилд орж тосгон сумын ИТХ-д төлөөлөлгүй болж, сумын ИТХ бүрэлдэх боломжгүй болсон байна. Тосгоны улс төрийн намууд хуулийн 25.1 дэх заалтад заасан хуулийн хугацаа өнгөрсөн тул нэр дэвшүүлж чадаагүй бөгөөд тосгонд нэр дэвшүүлэх мандат ч хуулийн хугацаандаа шийдвэрлэгдээгүй аж. Тосгоны иргэд “Хатгал тосгон” гэсэн хаягаар сонгуульд оролцохыг хүссэн ч санал өгөх нэр дэвшигч тодроогүй, хаяг нь хуулийн заалттай зөрчилдөж байгаа тул сонгох эрхээ эдлэх боломжгүй болж иргэдийг бухимдуулж гомдол гаргахад хүргэж тосгоноо сумын статустай болгох хөдөлгөөнд нэгдээд байгаа юм байна.
Мөн тосгоныхоо иргэдийг аль болохоор сонгуульд оруулахыг хичээсэн ИТХ-ын дарга Ц.Пүрэвдалай, ИТХ-ын тэргүүлэгч Б.Ганбаатар, Я.Чулуунбаатар, сумын сонгуулийн салбар хорооны гишүүн Б.Баттөр, МАН-ын дарга Б.Ганбаатар, МҮАН-ын дарга Б.Бадраа, АН-ын дарга Б.Батбилгүүн нарыг үндэслэл муутайгаар аймгийн сонгуулийн хорооноос буруутгаж хэрэг үүсгэхээр аймгийн Цагдаагийн газарт өгөөд байгаа гэсэн юм. Ингэснээр Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулах түүнд төлөөлөгчөө сонгох, сонгогдох, улмаар орон нутгийнхаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй болж байна гэж үзэж байгаагаа хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид мэдэгдлээ. Түүнчлэн энэ нь өөрсдийг нь хөгжүүлэхгүй, идэвхи санаачлага гаргахгүй, өөрсдийн асуудлаа шийдвэрлзж чадахгүй дорой байдалд хүргэж байгаа ба өмнөх 18 жилийн хугацаанд тосгоны иргэдийн төлөөлөл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ёс төдий оролцож ирснийг дурьдах нь зүйтэй гэв.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )