Л.Болд НҮБ-ын Женев дэх төвийн захиралтай уулзав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

Швейцарийн Холбооны Улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал, Зэвсэг хураах бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Кассым Жомарт Токаевтай уулзлаа.

Сайд Л.Болд НҮБ-ын баярын өдрийг тохиолдуулан ноён Токаевт баяр хүргэж, ажлын амжилт хүссэний зэрэгцээ 2013 оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын сайд нарын түвшний уулзалтад оролцохыг албан ёсоор урив.

 Ноён Токаев урилгыг хүлээн авч, уг арга хэмжээнд оролцох чиглэлээр чармайлт гаргахаа амлалаа.

Сайд Л.Болд хэлэхдээ манай улс НҮБ-д элссэнээс хойшхи хагас зуун жилд Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засаг, улс төр, соёл, энхийг сахиулах зэрэг олон салбарт идэвхтэй өргөжин хөгжиж ирснийг онцлон тэмдэглэв.

НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал ноён Токаев манай Гадаад харилцааны сайдын ШХУ-д хийж буй ажлын айлчлалд баяр хүргээд Монгол Улс ба НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, түүний дотор энхийг сахиулах ажиллагаан дахь монгол цэргийн оролцоо, хувь нэмэр нэмэгдэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа нь манай улсын олон улсын тавцан дахь нэр хүндийг өргөж буй хэрэг гэдгийг цохон дурдав. Уулзалтын төгсгөлд, ноён Токаев сайд Л.Болдыг хүндэтгэн зоог барилаа гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top