Эзэн Чингис хаан 11-р сарын 14-нд төрсөн болохыг судлааачид тогтоосон байна. Улмаар энэ өдөр бүх нийтээрээ амрах саналыг байнгын хорооноос оруулж ирсэн. Ингэхдээ Тусгаар тогтнолын өдрөөр /11-р сарын 26-ны өдөр/ бүх нийтээр амардаг байсныг болиулж Эзэн хааны төрсөн өдрөөр амардаг болгох гэнэ.
Энэ талаар хэлэлцэх эсэхийг УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан: Чингис хааныг зуны тэргүүн сард төрсөн гэдэг. Яахаараа өвлийн сард төрдөг юм бэ? Хэн тогтоосон бэ? гэдгийг тодруулав. Үүнд Л.Цог гишүүн: Байнгын хорооны хуралдаан дээр бид асууж тодруулсан. Эрдэмтэд 11-р сарын 14-ний өдөр гэдгийг тогтоосон гэв. Үүн дээр нэмэлт болгон УИХ-ын гишүүн Н.Батцэрэг тайлбар хийв. “12, 13-р зууны түүхэн сурвалж бичигт дурьдсан ч тэр нь олдоогүй. Харин 15, 16-р зууны түүхэн судар бичигт өвлийн сар гэж тусгасан юм билээ. Тэрийг л гол болгож байгаа” гэв.
Үүн дээр Д.Лүндээжанцан гишүүн: Тусгаар тогтнолын өдөр амардгаараа амраад, Чингис хааны өдрөөр амрах хэрэггүй, харин бурхан багшийн дүйчин өдөр амармаар байна. Христийн шашинд зул сарын баяр гэж тэмдэглэдэг шүү дээ гэв.
Н.Батцэрэг гишүүн: Эзэн хааныхаа өдрөөр бүх нийтээрээ амардаг байх нь олон талын ач холбогдолтой. Даяаршиж байгаа өнөө цагт Монголчуудын бахархал, үндэс, язгуураа хадгалж үзэх, өөрсдийгөө дархлаажуулж байгаа нь энэ өдөр юм.
Д.Эрдэнэбат: Энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг дэмжиж байгаа. Төрсөн өдөр дээр цагаан сар шиг маргаан гаргах хэрэггүй. Бурханы төрсөн өдрийг тэмдэглэж дампуураад яахав. Оронд нь идэшний өдөр, будааны өдөр гэдэг шиг ажил хэргийн өдөртэй байх нь зүйтэй. Хоёр өдөр хоёуланд нь амаръя.
С.Бямбацогт: Эзэн хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэх саналыг Монгол улсын түүхийг урагшлуулж байгаа гэдэг утгаараа дэмжиж байгаа.
Ц.Баярсайхан: Баярын өдрөө цэгцэлмээр байна. Тэгэхгүй бол манай, танай гээд улс төржих хандлагатай байна.
Р.Гончигдорж: Чингис хааны төрсөн өдөр бус, Монгол бахархлын өдөр гэж нэршлийн хувьд өөрчлөх нь зүйтэй.
С.Дэмбэрэл: Бахархдаг шувуутай болсон. Одоо ингээд бахархал нэгээр нэмэгдэж байна. Бид өнгөрсөн рүүгээ хэтэрхий ороод байгаа юм биш үү. Би эзэн хаанаа хүндэлдэг. Тэглээ гээд туйлширч болохгүй. Нөгөө талаас жендерийн асуудал бас яригдах ёстой юм биш үү. Алунгоо хатны төрсөн өдрийг тэмдэглэе л дээ гэв.
Үүгээр гишүүд саналаа хэлж дууссан юм. Улмаар Чингис хааны мэндэлсэн өдрөөр амардаг болох, нэршлийн хувьд хэрхэн өөрчлөх зэрэг асуудал бүхий Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхэд санал хураав. Санал хураалтад 47 гишүүн оролцсоноос 33 нь буюу 70,2 хувийн саналаар энэ өдрийг тэмдэглэдэг болохыг хэлэлцэхээр боллоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 3 )
11сарын 12 амрах юу бшү
Угаасан бямба гаригт болсон юм байна.
Яг тийм