Амралт ихэдсэнээс биш багадаагүй...

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэн Чингис хааны төрсөн өдрөөр амрах эсэх талаар баахан маргалдсан бололтой.

Манайхны хувьд амралт ихдэж байгаагаас бус багадсан юм огтхон ч алга, нэг их юм хийж бүтээж шалиагүй байж нэлэнхүйдээ байсхийгээд л амарсан хүмүүс...

Чингис хааныг 11-р сарын 14-нд төрсөн гэж яг яаж батлаад байгаа юм бэ? Зарим эх сурвалж бичгүүдэд хаврын тэргүүн сард төрсөн гэж бичсэн байдаг.

Иймэрхүү баталгаатай бус зүйлс хэлэлцэж, олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд баймгүй санагдах юм. Өөр хэлэлцэж шийдвэрлэх чухал асуудлууд ар араасаа шил дараад өчнөөн байгаа биз дээ.

Сүүлийн үед сонин сонин хуулийн төслүүд их хэлэлцдэг болж. Тамхины утаатай тэмцэх талаар тасарсан хатуу заалттай, өндөр торгуультай хууль хэлэлцэж байхаар юуны түрүүнд одоо эхэлчихээд байгаа Улаанбаатарынхаа өмхий утаатай хэрхэн тэмцэх талаар ярилцаж хэлэлцэж байвал дээргүй юу. Тамхины торгууль 50 000 төгрөг халааснаасаа гаргаад май гээд өгчихөөр хүн хэр олон билээ манайд. Халаасандаа 50 000 байтугай 5000 ч үгүй хүн зөндөө биз.

Харин архийг бол яаж л бол яаж хатуу чангалах хэрэгтэй байна. Нэгэн нийтлэлчийн бичсэнчлэн Шведийн хуулийг хуулбарлаад хэрэгжүүлсэн ч яадаг юм. Санаагаар болдог бол бүр “сухой законтой” болгоод, тэр архи уухгүй л бол байж чаддаггүй нөхдүүд нь юугаа ч юм ууж хордож үхэцгээгээд, нийгмээ нэг сайхан цэвэрлээд авбал хичнээн сайхан.

Заримдаа иймэрхүү гэдэн хөдөлгөсөн юм Их хурлаар хэлэлцээд байхаар гэнэт нөгөө нэг сая төгрөгөө нэхмээр санагдаад эхлэх юм. Аль 4 жил гаруйн өмнө ард түмнээ “хошгируулсан”  их мөнгөний амлалт... Одоо бараг дурсагдахаа ч болио шив дээ.

Уг нь өнгөрөх хавар сонгуулийн өмнөхөн аль хэлбэрээр нь авмаар байна гэж анкет маягт бөглүүлж бариад юу юугүй л өгчих маягтай юм яригдаад байснаа сонгууль өнгөрөөд л таг. Иймэрхүү сонгуулийн жилийн шоу давтагдаад ч дуусахгүй, ард олон нь хий дэмий “хошгирч” хууртагдаад ч ханахгүй, яг л таарсан төр засаг, таарсан ард түмэн гэж...

Д.Мягмарсүрэн

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top