Андуураад байна нөхөд өө, ардчилал аль нэг намынх бус, ард түмнийх...

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

Аминчхан бас харамч байх нь зах зээлийн нийгэмд хачин сайхан зан чанар юм биш байгаа гэх бодол төрөөд байх боллоо. Улстөрчид, манай танай, улаан цагаан, шар ногоон гэж хэрэлдэж маргах зууртаа ард түмнийх байх ёстой хэчнээн ч олон юмыг өөрсдийн өмч мэт болгож харагдуулав.

Харагдах ч юу байхав, ил цагаан дээрэмдэж орхив... Монголчууд мөн ч налгар улс аж. Хараад л хөгийн юм ч их болох юм даа гэсэн шүү юм хоорондоо яриад л суугаад байх.

Хамгийн том гэгдэх хоёр нам хүртэл намын байраа Ардчиллын ордон, Тусгаар тогтнолын ордон гээд нэрлэчихлээ. Янз нь Монгол Улсын ардчилал Ардчилсан намынх, Тусгаар тогтнол Монгол ардын намынх болж таарах нь шиг байна. Тэгээд яахав. Хэцүүхэн даргатай болчихвол өнөөх нь буруу зөрүү үйлдэл хийгээд намынхаа даргын суудлаас мулт үсэрч, гишүүд нь гишүүнчлэлээсээ татгалзвал Монгол Улс тусгаар, тогтнол, ардчилал хоёроос ангид аж төрөх болж байна уу...

Одоохондоо Монгол Улсын ордон гэсэн хаяг бүхий байшин байхгүй учраас аль нэг нам, улс төрийн хүчин улс орныг маань өмчлөхийг санаархаагүй юм байна гэж найдаад байгаа хэрэг л дээ. Мэдэх юм, иймэрхүү хөгийн жишээг... Одоогоос хэдэн жилийн өнөөх өөрийгөө эзэн Чингисийн хамаатан энэ тэр гээд байдаг хунтайж Давааням ярьж байсан юм. Мань эр Чингис хааны дэлхийн академиа байгуулж л дээ.
 

Эхэн үедээ гадаад хэлний мэдлэг бол үндэсний бахархал биш гэж сургамжлаад байсан тэрбээр хожим нь орчлон, ертөнцийн соёл хөгжлийн хурдан цахилгаан галт тэргэнд амжиж суухыг хүсвээс хэл сур гэдэг болчихсон байсан гэхээр академиа дэлхийн тавцанд биш юмаа гэхэд ойр зуурын хөрш, ядаж л хаадад нугасгүй хүн төрөлхтний удам угсааныханд таниулах гарцаа олчихсон хэрэг байж таарна. Лав л их ч юм бичдэг, түмэн зүгт захидал, хүсэлт илгээж суудаг байсан гэдгийг нь би мэднэ. Тэгсэн Америкийн философийн хүрээлэн рүү илгээсэн захидал нь тэр нөхдийн сонирхлыг татаж. Академийн зүгээс хаадын философио илгээсэн юм билээ л дээ. Тэгээд л америкчууд тив алгасан Чингис хааны дэлхийн академийн тэргүүнтэй уулзахаар ирсэн юм билээ.

Тэр үед Даваанямын академи ядруухан түрээсийн хэдэн өрөөнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан юм. Америкчууд монголчууд төдийгүй дэлхийн хэмжээнд яригддаг их хааны нэрэмжит академийг мэдэхгүй хүн Монголд хаанаас байх гэж сохроор найдсан ч юмдаг уу даа. Ирээд эрээд сураад ололгүй, гайхшаа барж, Шинжлэх ухааны академийнхантай уулзсан аж. Гэтэл өнөө моншнууд нь /энэ удаад зарим нэг нөхрийн нэрийг дурдахыг хүссэнгүй/ бид чинь тэр академийнхан ш дээ гэж. За өнөөх хаадын философийн талаар ярилцъя гэхээр хэлэх үггүй таг. Уг нь Давааням гэж нэг нөхөр иймэрхүү юм хийгээд яваад байсныг мэдэхийн дээдээр мэдэж байсан байгаа юм. Бүхэл бүтэн ном илгээмжээр авчихаад итгэж ирсэн америкчууд зорьсон хүнтэйгээ уулзаж чадалгүй буцсан бөгөөд ШУА-ийнхны хэлснээр Монгол ганц академитай гэсэн гээд хожим цахим хаягаар харилцах гэхэд нь үл ойшоож харьцаагаа тасалсан гэдэг. Яг иймэрхүү юм өрнөөд байна, улс төрийн хүрээнд...

Нэгэнт өнгөрсөн хэрэг намынхаа байрыг чимэглэсэн хаягаа ав, гэж заргалдахгүй. Гэхдээ андуураад байна шүү нөхдөө, ардчилал аль нэг намынх биш, ард түмний өмч... Ардчиллыг хүртэл аль нэг намын өмч болгохыг санаархаад байвал мөнгөгүй ч гэсэн сэтгэл зүрхээрээ нэгдээд Сүхийн талбайд жагсах Монгол хүн олон бий. Чуулганы хуралдаан нэг чавганц орж ирчихээд, хөл өвдөөд байхаар нь би энд суусан. Энэ миний сандал гэдэгтэй зүйрлэм зүйл ярихаа болиоч, улстөрчид өө. Ардчилал ард түмний өмч шүү... 

З.Урнаа

Улаанбаатар таймс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top