Яам, агентлаг, газруудын удирдлагатай сар бүрийн сүүлийн долоо хоногт тогтмол хийх “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” видео хурал өнөөдөр боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын тушаал шийдвэрийн биелэлт ямар шатанд явна гэж хэрэгжилтийг нь хянадаг, хэрэгжүүлээгүй бол хариуцлага тооцох тогтолцоог бий болгох зорилго бүхий хурлыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ гаргасан шийдвэрүүдээс хэрэгжиж байгаа ажлууд байгаа, магтах хэрэгтэй. Мөн хийгдэх ёстой ч хийгдээгүй ажил их байна. Тэдгээрт хариуцлага тооцох ёстой гээд гурван сайн болон саар ажлуудыг нэрлэлээ.
0-18 хүртлэх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгож эхэлсэн. 13 банктай гэрээ байгуулж, мөнгийг шимтгэлгүйгээр олгох болсон. Энэ ажлыг иргэдэд төвөг чирэгдэл учруулахгүйгээр зохион байгуулж байгаа гэж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамныхныг эхлээд сайшаалаа.
“Шинэчилж шийдье-222” анхны уулзалтаар иргэн Г.Наранчимэгийн хэлсэн саналын дагуу төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй, шуурхай хүргэх зорилгоор төв болон нутгийн захиргааны байгууллагад мөрдөж байгаа дотоод ажлын өдрийг алга болгохыг Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгосон. Энэ шийдвэр хангалттай сайн хэрэгжсэн гэдгийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн тодотгоод иргэдэд чирэгдэл үүсгэсэн ийм ажлыг цаашид бий болгохгүй байхыг үүрэг болголоо.
Дулааны V цахилгаан станцын байршлыг өөрчлөх асуудлыг Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ асуудлыг Эрчим хүчний яам анхаарч сайн ажиллаж байгаа. Мөн энэ хурлаар IV цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэр гарсныг тэмдэглэлээ.
Саарын жишээгээр Сангийн яамыг нэрлэлээ. Сурагчдын үдийн цай, дотуур байрны болоод цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг Шинэнэчлэлийн Засгийн газар энэ оны төсвийн тодотголд суулгаж нэмэгдүүлсэн. Үүний зэрэгцээ цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг эх хариуцах шаардлага байхгүй гэж шийдвэрлэсэн байхад ирэх оны Төсвийн тухай хуулийн төсөлд хоолны мөнгөний 50 хувийг төр хариуцна гэж дур мэдэн оруулж, иргэдийн дунд буруу ойлголт төрүүлсэн.
Цөмийн энергийн газрын өмнөх даргын 2013 оны төсөвт оруулахаар өгсөн саналыг тэр чигээр нь Төсвийн тухай хуулийн төсөлд явуулснаас шинэчлэлийн Засгийн газар Цөмийн эрчим хүчний станц барих гэж байна гэсэн ташаа ойлголтыг УИХ-ын гишүүдэд өгсөн. Ийм зүйл огт байхгүй гэдгийг Ерөнхий сайд онцлоод Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булшлахыг хориглоно” гэсэн заалт бий гэж тодотголоо.
Энэчлэн Төсвийн тухай хуулийн төсөлд хэд хэдэн ноцтой алдааг Сангийн яам гаргалаа. Тендерээр авсан ажлын гүйцэтгэл муу байхад мөнгийг нь бүрэн шилжүүлдэг атлаа хийж дуусгасан ажлынх нь мөнгийг шийдвэрлэж өгдөггүй зэрэг зөрчлүүд ч тус яаманд гарч байна.
Тиймээс маргааш болох Засгийн газрын хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцох асуудлыг оруулна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” уулзалтын үеэр мэдэгдээд яам, газар, агентлагийн удирдлагуудыг ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )