УИХ-ын дарга З.Энхболд цусаа бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр/ 2012.10.26/ “Амьдрал бэлэглэе” хүмүүнлэгийн сайн үйлсийн аяныг дэмжин, Төрийн ордонд ажиллаж буй явуулын цусны төвд цусаа хандивлалаа. Явуулын цусны төвийн ажилтнууд түүнийг угтан авч, цусаа өгсөн хүн бүрт код өгч, доноруудынхаа тухай мэдээллийг өндөр нууцлалтай болгосон тухай дуулгаад, цусаар дамжих халдваруудыг орчин үеийн дэвшилтэт технологиор оношилж байгаа талаар ярьсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд цусаа өгч байхдаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяртай байгууллагын өнөөгийн байдал, тус салбарт хэрэгжүүлэх гэж буй төслийн талаар мөн ярилцсан. УИХ-ын дарга Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийг саяхан УИХ-аар зөвшилцсөн гээд энэ төслийн хүрээнд цусны аюулгүй байдлыг хангах чиглэлээр чухам ямар арга хэмжээ авах гэж буйг тодруулсан юм.

Н.Эрдэнэбаяр захирлын мэдээлснээр, дээрх төслийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг шинээр байгуулахаас гадна олон улсын магадлан итгэмжлэлийн шаардлагад нийцүүлэх ажээ. Түүнчлэн 20 аймгийн нэгдсэн эмнэлэг, гурван дүүргийн эмнэлэг, гурван сумын эрүүл мэндийн төвийн цусны аюулгүй байдлын үйл ажиллагааг сайжруулан, тоног төхөөрөмжөөр хангахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар зарим аймаг дахь цусны төвүүд зориулалтын хөргүүрийн тоног төхөөрөмжгүйгээс ахуйн хөргөгч, хөлдөөгчид цусан бүтээгдэхүүнээ хадгалдаг юм байна.

Монгол Улсын хэмжээнд 2011 оны байдлаар 20700 донороос цус цуглуулсан бөгөөд сүүлийн таван жилд цусаа өгдөг донорын тоо тогтмол нэмэгдэж байгаа ч цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа юм байна.

Тиймээс өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газар цусаа бэлэглэх санаачилгыг дэмжин цусны донорын өдөрлөгт хамрагдаж байгаа юм. УИХ-ын дарга ийнхүү хоёр дахь удаагаа цусаа хандивлаж байгаа нь энэ ажээ.

УИХ-ын дарга З.Энхболд цусаа хандивласны дараа хэвлэлийнхэнтэй уулзахдаа, “Эрдэнэт хүний алтан амийг аврахад дусал цус ч үнэтэй. Тийм болохоор цусаа бэлэглэх аянд Төрийн ордонд ажиллаж байгаа хүмүүсээс гадна иргэн бүр оролцоорой гэж уриалж байна” гэлээ.

Хүний биеийн цусны 80 хувь нь эргэлдэж, 20 хувь нь нөөцөнд байдаг ажээ. Цусаа өгсны дараа нөөцөд байдаг 20 хувь эргэлтэд ордог бөгөөд өгсөн цусаа 7-14 хоногт бүрэн нөхөн төлжүүлдэг гэж цусны төвийн мэргэжилтнүүд хэлж байлаа.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top