Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Улс төрийн хүрээнд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан зарим асуудал эрх зүйн бүрэн зохицуулалтад орж чадахгүй, цаг хугацаа алдах, чуулганы үйл ажиллагаа гацаанд орох зэрэг бэрхшээл учирч байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн ажил тасралтгүй явагдах ёстой гэдэг зарчмыг үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд эдгээр хуулийн төслийг боловсруулсан юм. Ингэхдээ Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, зохион байгуулалтыг сайжруулах, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, ойлгомжгүй, тодорхойгүй байгаа зүйл, заалтуудыг нэг мөр болгохыг чухалчилжээ.
Тухайлбал Улсын Их Хуралд 8 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийг Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор өргөн мэдүүлэх заалтыг өөрчилж тодорхой хугацааны хязгаарлалтгүй болгох, Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр бүрэлдсэн нам, эвслийн бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлэх зохицуулалтыг өөрчлөх, Улсын Их Хурлын даргыг сонгож дуустал чуулганы хуралдааныг тухайн чуулганд оролцсон гишүүдийн насаар хамгийн ахмад нь зохион байгуулж хуралдуулдаг байх, байнгын хорооны гишүүдийн тооны хязгаар болон бусад хязгаарлалт, Улсын Их Хурлын даргын ажлын албаны эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, нам, эвслийн бүлэг завсарлага авах асуудлыг тодорхой болгох, асуудлыг шийдвэрлэх санал хураалт явуулж уг санал нь дэмжигдсэн тохиолдолд тухайн асуудлыг шийдвэрлэсэн тогтоол нь батлагдсанд тооцогддог байх, зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр тухайн төсөл болон хамтад нь өргөн мэдүүлсэн бусад төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай бол тэдгээрийг багцлан нэг санал хураалт явуулдаг байх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Эдийн засгийн байнгын хороо тус тус хэлэлцдэг байх, чуулганы нэгдсэн хуралдааны эхлэх цагийг намар, хаврын чуулган эхлэхээс өмнө тухай бүр тогтоож байх, ирцийг хуралдаан бүрийн эхэнд бүрдүүлж байх зэргийг төслүүдэд тусгасан байна.
Ямартай ч Ерөнхийлөгчийн санаачилсан хууль УИХ-ын чуулганаар дэмжигдвэл МАН-ынханы дотор онгойж төрийн үйл хэрэг саадгүй явагдах нь тодорхой юм. Энэ бүхнээс харахад МАН-ын гишүүдийн эсэргүүцэл талаар болоогүй бололтой.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )