Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны мэдээллийг сонссон байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтмол барихад тэр тусмаа хүнсний бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй байхад анхаарч дэд хөтөлбөр боловсруулахаар болжээ.
13.6 хувьтай байгаа инфляцийг дунджаар найман хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьж байгаа гэнэ. Ингэхдээ мөнгөний бодлогоор дэмжих ажээ. Тиймээс "Шударга ёс" эвслийн бүлэг бодлогын хувьд Монголбанкийг бодлогын хувьд дэмжиж ажиллах гэнэ.
Харин тус намын УЗ хэзээ хуралдах, тус эвслээс жагсаалтаар УИХ-д суух гишүүний тангаргийг хэзээ өргүүлэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Энэ талаар бүлгийн дарга Н.Батцэрэг: “Бид энэ талаар мэдэхгүй. Эвслийн УЗ-д Шадар сайд багтсан байгаа. Түүнээс тодруулах нь зүйтэй” гэв.
Мөн тус эвслийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын гишүүдээс өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу “Аймаг, сумдын Засаг дарга нарыг сонгохдоо багийн хуралдаанаар санал хурааж, хамгийн өндөр санал авсан хүнийг томилох” хуулийн төслийг дэмжиж байгаагаа тус эвслийн гишүүд онцолжээ. Тус эвслийн бүлгийн дарга Б.Батцэрэг “Орон нутгийн сонгуульд нийслэлийн иргэд өрсөлдөж байна гэх шүүмжлэл гараад байгаа ч хуулийн дагуу тухайн нутаг дэвсгэрт 180-аас доошгүй хоног амьдарсан гэж заасан байгаа. Үүний дагуу нэр дэвшигчдээ сонгосон. Харин сумын Засаг даргын хувьд тодорхой заасан зүйл байхгүй байгаа. Тиймээс Орон нутгийн сонгуульд өрсөлдөгчийг сонгохдоо тухай нутаг дэвсгэрт амьдарч байсан гишүүдийг сонгосон” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барьсан бөгөөд одоо хэлэлцэгдэж буй. Тус эвслийн бүлэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар хэлэлцэж, гишүүд санал солилцсон байна. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг батлах шаардлагатай байгаа бөгөөд хамгийн гол нь сэтгүүлчийн эрх чөлөө, ёс зүйтэй байх ёстой юм. Нөгөө талаар хариуцлагыг өндөржүүлэх нь зүйтэй гэсэн саналыг тус эвслийн гишүүд хэлсэн байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )