Хууль зүйн дэд сайдаас АТГ байцаалт авчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 29

Дөнгөж сая Хууль зүйн дэд сайдаас АТГ-ын хэлтсийн дарга байцаалт авч байна хэмээн эх сурвалж мэдээллээ. Бид энэ талаар тодруулахад дэд сайдыг ажлынхаа байранд байхгүй хэмээн хамгаалалтын алба мэдээлэв. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү байлаа. Улмаар түүнээс цөөн зүйл тодрууллаа.

- Сая яг юу болсон юм бэ?

- Японы элчин сайдын яамнаас манай улсын ГХЯ-нд дөрвөн удаа хандсан байна. Амаар болон бичгээр асуух, шаардах хэлбэрээр тус улсын газар нутагт ямар нэгэн гүйцэтгэх үйл ажиллагаа явуулсан уу хэмээн тодруулга авахыг хүссэн байна. Гэвч манай улсын талаас өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирээгүй тул Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр ГХЯ-ны төлөөллийг дуудаад уг бичигт нь хариу өгөхийг хэлсэн. Тэгтэл АТГ-аас энэ асуултад ямар ч хариулт өгөхгүй. Энэ асуудлаа өөрсдөө шийднэ гэж байгаа юм байна гэсэн. Энэ нь хууль зүйн талаасаа ямар байдаг талаар би Хууль зүйн дэд сайдыг 14:00 цагт дуудсан юм. Өнөөдөр ямар нэгэн уулзалтгүй гэж байсан хүнийг ирэхгүй болохоор нь би өрөөнд нь өөрөө ирсэн. Тэгтэл өрөөнд нь АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга Наранбаатар гэж хүн сууж байсан юм. Би УИХ-ын гишүүн хүн байна. Наад хүнийг чинь би дуудсан. Яагаад та нар албан өрөөнд нь наад хүнээ байцааж байгаа юм. Та нар наад хүндээ урьдчилж мэдэгдээд мэдүүлэг авч байгаа бол би саад болохоо больё гэтэл “Бид Хууль зүйн сайдад хэлсэн болохоор өрөөнд нь байцаалт авч байна” гэсэн.

- Байцаалт уу? Гэрчийн мэдүүлэг үү?

- Би ямар асуудлаар байцаалт, гэрчийн мэдүүлэг авсныг нь мэдэхгүй байна. Тэгээд би: “Иим байж болохгүй. Хууль зүйн сайд бол энэ хүний дарга биш. Чи гарч бай. Би эхлээд өөрийнхөө ажлыг хийгээдэхье” гэтэл “Үгүй. Тэгвэл таныг мөрдөн байцаах ажиллагаанд саад хийлээ гэж үзнэ шүү” гэсэн. Ийм л асуудал болсон.

- Сайд нь дэд сайдаа байцаалт өгөхийг зөвшөөрсөн гэж ойлгож болох нь ээ?

- АТГ-ын газрын дарга Наранбаатар тэгж хэлсэн. Энэ дандаа ингэж хууль зөрчдөг дурак байхгүй юу. Хоригдож байгаа өрөөнд нь байцаалт хийж байсан. Одоо дэд сайдын өрөөнд байцаалт хийж байна. Дэндүү дураараа аашилж байна.

- Хуулиндаа хаана байцаана гэж заасан байдаг вэ?

- Мөрдөн байцаах газар дуудаж авч ирээд хийдэг.  

- Дэд сайдыг өмнө нь дуудаад ирээгүй юм биш үү?

- Нэг ч удаа дуудаагүй. Шууд өрөөнд нь ороод дарамталсан гэж үзэж байгаа.  

Түүнтэй ийн ярилцсаны дараагаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяантай утсаар холбогдох гэтэл утсаа таслав. Ингээд хэсэг хугацааны дараа холбогдон Хууль зүйн яамны байранд тодруулга авлаа.  

Э.Эрдэнэжамъян: Хууль шүүхийн байгууллагынхан журмаа баримтлах ёстой

- АТГ-аас таны албан өрөөнд байцаалт авсан уу?

- Харин тийм л зүйл боллоо.

- Байцаалт уу? Гэрчийн мэдүүлэг үү?

- Японоос нэг бичиг ирсэн ирээгүй, авсан аваагүй гээд маргаан яваад байгаа шүү дээ. Хоёр улсын харилцааны эрх зүйн харилцан туслах тал дээр Хууль зүйн яам ажилладаг. ГХЯ-наас хариу өгөөгүй болохоор би энэ талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодруулга авч өгье гэсэн юм. Мөн би шүүх, прокурорын шинэ цогцолбор барих ажлын хэсгийн хуралтай байсан. Тэгтэл манай туслах АТГ-аас нэг хүн уулзъя гээд ирлээ гэв. Тэгэхээр нь ажлын хэсгийн журмаар юм байна гэж бодоод оруулчих гэтэл шууд эрх, үүрэг танилцуулаад танаас гэрчийн мэдүүлэг авна гэдэг юм байна. Тэгж байхад нь О.Баасанхүү гишүүн орж ирээд үл ойлголцох байдал үүслээ.

- Танд урьдчилан мэдэгдээгүй гэсэн үг үү?

- Дэд сайдыг байцаах гэж байгаа бол энэ талаараа урьдчилж мэдэгдээд, хууль шүүхийн байгууллагын журмаа баримтлах ёстой. Надад бол эвгүй байна. Хэрвээ мэдэгдсэн бол би иргэний үүргээ биелүүлээд байцаалт өгнө. Би бол үүнийг улс төрийн зорилготой гэж үзэж байна. Хууль шүүхийн байгууллага улс төржөөд байна. Одоо хэлж байна, цаашдаа ч хэлнэ. Би хардаж л байна.

- Гэрчийн мэдүүлэг ямар агуулгатай байсан бэ?

- Н.Энхбаяр даргатай холбоотой янз бүрийн зүйл асуух гэж байхад нь л гишүүн орж ирсэн.

- Хууль зүйн сайдын зөвшөөрлөөр байцаалт авсан гэсэн?

- Мэдэхгүй тэгсэн бол надад хэлмээр юм. Энэ бол улс төрийн соёлын хувьд ч, нэг зорилготой Засгийн газрын гишүүний хувьд тийм биш байх гэж бодож байна.  

- АТГ-аас хуулийн зүйл заалтыг зөрчин байцаалт авсан гэж байна. Үүнийг зүгээр өнгөрөөх үү эсвэл хариуцлага тооцох уу?

- Ямар арга хэмжээ авах эсэхээ одоогоор шийдвэрлээгүй байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top