Дэд сайд Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 30

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өчигдөр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянаас өрөөнд нь  байцаалт авах гэж оролдсон тухай мэдээлэл шуугиан дэгдээгээд байгаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “Н.Энхбаярын хэрэгт  шалгагдаж байгаа зарим хүмүүс нь гадаадад байгаа тул мөрдөн байцаах ажиллагаанд саад учраад байгаа. Тиймээс Н.Энхбаяр нарын хэрэгт сэжигтэн холбогдогчоор шалгагдаж, эрэн сурвалжлагдаж байгаа түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зогсоох хүсэлтийг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяаны нэр дээр Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт хүргүүлсэн байна. Энэхүү хүсэлтийг Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэн нэгэн илгээсэн үү, эсвэл үнэхээр дэд сайд илгээсэн үү гэдгийг мөрдөн шалгахаар эрүүгийн хэрэг үүсгээд байна” гэсэн юм.

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгт холбоотой нөхдийг хаацайлж, Интерполд захиа илгээсэн бол түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэргээр буруутгах үндэстэй ажээ.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top