Э.Эрдэнэжамъян: Би дэд сайд боллоо гээд Н.Энхбаярын даргын хилс хэргийг хүлээн зөвшөөрөхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 30

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаярын  хэрэгт холбогдсон  төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэн талаар АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа билээ. Захидал илгээснийг зарим эх сурвалж албан тушаалаа ашигласан гэж байгаа бол зарим нь намын даалгавар эсвэл шахалтаар хийсэн гэж үзэж байгаа юм. Дэд сайд Э.Эрдэнэжамъян энэ тухайд “Би Интерполд захидал явуулсан нь үнэн. Н.Энхбаяр даргын авлигын хэрэгтэй холбоотойгоор түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа. Интерпол  дөрвөн төрлийн хэрэгт эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг.  Тухайлбал хүний эрх зөрчигдсөн, арьс өнгөөр ялгаварласан, улс төрийн болоод шашны хэрэгт Интерпол оролцох боломжгүй. Харин бидний зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг улстөрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа тул Интерполд хандсан. Би хууль зөрчөөгүй харин том зөрчигдөхөөс хамгаалсан гэж үзэж байгаа. Интеполд захидал бичсэний төлөө хэрэг үүсгэж байгаа бол цаана нь бас улс төр яваад байна гэсэн үг. Би МАХН-ын гишүүн. Энэ намын нэрийн өмнөөс Хууль зүйн дэд сайд болсон. Тиймээс дэд сайд боллоо гээд Н.Энхбаяр даргын хилс хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Ирэх дөрвөн жилд ч тэмцэх болно.Манай  намаас УИХ, Засгийн газарт томилогдсон бүх гишүүд  Н.Энхбаярыг хэлмэгдүүлэхгүйн төлөө ажиллана” гэсэн хариулт өглөө.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top