Өнөөдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Арабын Нэгдсэн Эмират улс, Нидерландын Вант улс, Люксембургийн Вант улс, Кувейт улстай тус тус байгуулсан давхар татварын гэрээний талаар хэлэлцлээ.
Дээрх улсуудтай байгуулсан давхар татварын гэрээ нь Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн заалтуудтай аж. Гэвч хэлэлцээрийн “Дуусгавар болгох” гэсэн бүлэгт заасны дагуу гэрээг цуцлах үндэслэлтэй юм байна.
“Айвенхоу Майнз”,“Саутсгоби сэндс” болон “Оюутолгой” компани Нидерландын Вант улсад бүртгэлтэйгээс болоод манай улс татвараа авч чадахгүйд хүрээд байгаа аж. Тодруулж хэлбэл, давхар татварын сул талуудыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерланд, Люксембург зэрэг улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, татвараас зайлсхийх нь түгээмэл болжээ. 1999-2010 онд манай улсад орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 27 хувь нь зөвхөн Нидерланд улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс орж ирсэн гэсэн мэдээ байна.
УИХ-ын дарга З.Энхболд, “Дээрх ашиггүй гэрээнүүдийг нэн даруй яаралтай цуцлах асуудлыг шийдэхгүй бол улс орон алдагдалд ороод байна. Манай улс татвараас зугтаадаг компаниудын орогнодог газар болчихоод байна. Нидерландаас Монголд хийсэн бодитой хөрөнгө оруулалт бараг байхгүй шахам. Харин завсрын компаниуд олон байдаг. Тэгэхээр татвараас зугтаадаг энэ асуудлыг бодоод байх хэрэггүй. Гэрээнүүдийг цуцлах хэрэгтэй” гэв. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гишүүдийн 100 хувийн дэмжлэг хүлээв.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )