Ерөнхий сайд Н.Алтанхуяг 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд зүүн гурван аймагт ажиллахтайгаа холбогдуулан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагуудтай видео уулзалт хийлээ.
Тус аймгуудад шийдэл хүлээж буй ямар асуудлууд байгаа, тэдгээрийг шийдвэрлэхэд зайлшгүй оролцоотой аль яам, агентлагийн төлөөллийг газар дээр нь ажиллуулах шаардлагатай талаар Засаг дарга нарын саналыг энэ уулзалтаар сонссон юм.
Дорнод аймагт орон нутгийн төсвийн орлого энэ оны сүүлийн хоёр сард тасрахаар байгааг, төсвийн хөрөнгөөр баригдах гурван барилгын ажил зогсонги байдалтай байгааг танилцуулсан бол Сүхбаатар аймгийн хувьд Өндөрхаанаас Баруун-Урт хүртэлх замын болон хоёр сургуулийн байрны барилгын ажил хүндрэлтэй байгааг хэллээ. Харин Хэнтий аймгийн тухайд орон сууцны хөнгөлөлттэй зээлд төрийн албан хаагчид хамрагдах нөхцөл олгогдохгүй, зээлийн эх үүсвэр тодорхойгүй байгааг дуулгасан юм.
Засгийн газрын тэргүүн дээрх асуудлуудаар холбогдох яамны ажил хариуцсан албаныхантай Засаг дарга нарыг видео уулзалт хийлгэж, асуудлыг илүү нарийвчилж тодруулах үүргийг ЗГХЭГ-ын дэд даргад даалгалаа. Асуудлыг илүү тодорхой болсны дараа орон нутагт ажиллах үеэрээ зохих шийдвэр гаргах юм байна.
Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлгээ “Аймгийн төв бүрийг хот болгоё” сэдвийн дор зохион байгуулах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )