Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын хэн нь хэнийгээ уучлах вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 01

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлэх гэнэ гэсэн яриа тархах боллоо. Үүнийг ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ойлгож ч болох. Ерөнхийлөгч Элбэгдорж “Монгол Улс авлигатай тэмцэхдээ хэнийг ч үл өршөөнө, төрийн өндөр албан тушаалтан хийгээд жирийн иргэнд хууль тэгш үйлчилнэ” гэсэн байр сууриа ха­рийн орнуудад төрийн хэмжээний уулзалт хийхдээ заавал дурьдаж авлигатай хэрхэн тэмцэж байгаагаа харуулдаг билээ. Ерөнхийлөгчөөс хараат ч юм шиг ойлголт төрүүлэх болсон хууль шүүхийн байгууллага болон АТГ сүүлийн хоёр жилийн туршид цор ганц хүнтэй ноцолдож байна гэхэд хилсдэхгүй. 

"АТГ-ынхан  дандаа жижиг жараахайтай ноцолддог, том тултай төдийлөн тулдаггүй" гэх шүүмжид өртдөг байсан нь  олдсон ганцтайгаа ясаа цайтал үзэхэд хүргэсэн бололтой. Ардчилсан Төрийн тэргүүн Н.Энхбаярт уучлал үзүүлэхдээ ирэх сонгуулиас хэдэн сар эсвэл хэсэгхэн хугацааны наана үзүүлнэ гэж байгаа. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх Ц.Элбэгдоржийн ууч өгөөмөр сэтгэлтэйг ард түмэнд харуулах  сонгуулийн пи-ар болох нь  тодорхой гэж үзэх хэсэг ч байна. "Шударга байцгаая" гэж уриалга дэвшүүлдэг Ардчилсан Төрийн тэргүүн маань авилгатай, авлигачидтай хэрхэн тэмцэж байгаагаа харуулах гэж Н.Энхбаяраар туг тахьсан гэх нь ч бий. Н.Энхбаяртай харьцуулахын аргагүй авилгачдын тухай мэдээллийг ард түмэн тархиа цадтал авчихсан байхад нэр бүхий байгууллагууд нүдэн балай чихэн дүлий суух нь сонирхол төрүүлэм.

Гэвч өнгөрсөн хагас жилийн хугацаан дахь дуулиант баривчилгаа, амь настай дүйцсэн хуурай өлсгөлөн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улам хүчирхэгжүүлэх болов. Түүний нэрээр төрд гарч өнөөдөр Засаг барилцаж буй “Шударга ёс" эвсэл энэ бүхний томоос том тодорхойлолт билээ. Үнэндээ ч Ц.Элбэгдорж Н.Энхбаяраас айж байгаа нь зүйн хэрэг. Монголчуудын нэлээдгүй хэсэг нь эксийг дэмжих боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг юун өршөөл Н.Энхбаярт үзүүлэх гээд байгаа юм бол. Улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж, Н.Энхбаярын өөрийнхөө болон ард түмний эрхийг зөрчсөн хууль хяналтын байгууллагын хүмүүсийн эсрэг тэмц­сэнийх нь төлөө юу, эсвэл шоронд дарга нарын л тушаал хэрэгж­дэг буруу тогтолцоог өөр­чилж Монголоо хөгжүүлье гэж зорьсных нь төлөө юу, Ардчиллыг хамгаалах гэснийх нь төлөө юу, энэ бүхний төлөө хуурай өлсгөлөн зарлаж, амь на­саараа дэнчин тавьсныг нь уучлах гээд байна уу.

Ингэхээр уучлах хүн нь Ц.Элбэгдорж биш Н.Энхбаяр юм. Харин Н.Энхбаярын уучлал Ц.Элбэгдоржийн нэр хүндийг өндөрт өргөн ард түмний итгэлийг авах алхам болохыг үгүй гэх газаргүй билээ.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top