Шинэчлэлийн Засгийн газар аймгийн удирдлагуудтай цахим хурал хийв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 01

Сар бүрийн эхний долоо хоногт ЗГХЭГ-аас аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд аймаг, орон нутагт тулгамдаж буй цаг үеийн асуудал, шийдвэр хүлээж буй ажлуудын талаар ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, хөгжлийн газрынхан мэдээлэл сонсч, холбогдох яам, агентлагийнхныг байлцуулан тодорхой хариултууд өгсөн юм. Шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцсэний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуралд оролцож, орон нутгаас ирүүлсэн өнгөрсөн сарын тайлангаас үлгэр жишээ болохуйц хэд хэдэн ажлыг онцоллоо.

Тухайлбал, Төв аймгийн төв Зуунмод суманд Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулж, хаягдал гялгар уут, хуванцар түүхий эдийг дахин боловсруулж байгааг, Сүхбаатар аймаг 700м2 талбайтай “Ахмадын ордон” ашиглалтад оруулсныг, Дорноговь аймаг иргэдэд төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллээ шуурхай хүргэхээр өрөө тохижуулж, 7 хоног бүрийн лхагва гаригт хэвлэлийн бага хурал хийж байхаар тогтсон талаар мэдээлэв. Дорноговь аймаг нээлттэй утас ажиллуулж, иргэдийн санал бодлыг сонсон хариулт өгч эхэлсний зэрэгцээ архигүй Дорноговь болох зорилт тавин аймгийн Засаг даргын захирамж гаргасныг сайшаалаа. Дараа нь зарим аймагтай холбогдон саналыг нь сонсоход  Дундговь аймаг Мандалговь хотдоо “Аюулаас сэргийлэх цогцолбор” радио станц байгуулж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг болон бусад мэдээллийг малчид, иргэдэд хүргэж эхэлжээ. Тус станцдаа тулгуурлан аймгийн удирдлага малчин өрхүүдтэйгээ цахим уулзалт зохион байгуулсныг Ерөнхий сайд сайн ажлын жишээ болгон нэрлэлээ.

Мөн Ховд аймагт гар утасны сүлжээ ашиглан малчид, иргэдэд цаг агаарын болон цаг үеийн мэдээллийг урьдчилан хүргэдэг болсон зэрэг ажлаас бусад аймаг туршлага солилцох, жишээ авч ажиллахыг Засгийн газрын тэргүүн санал болголоо.

Цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэсэн цахим хурал дараагийн удаа арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top