Өнөөдөр Монголд залуучуудын гэсэн тодотголтой ажилладаг маш олон байгууллагууд байдаг. Гэвч тэд дор бүрнээ л ажилладаг, нэгдсэн нэг зохион байгуулалтад орж хүчтэй дуугарч нөлөөлж чадахгүй байгаагаас төрийн хэмжээнд томоохон чухал шийдвэрүүдийг гаргуулж чадахгүй байгаа нь үнэн. Тэгвэл Монголын Залуучуудын Холбооноос санаачилсан Ерөнхий сайдын дэргэдэх ” Монголын Залуучуудын Форум”-ын анхны хуралдаан өнөөдөр төрийн ордонд боллоо. Энэхүү форумын зорилго нь Монголын залуучуудын байгууллага, залуучуудын хөдөлгөөн болон олон нийтийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бий болгох, эдгээр байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулах үйл ажиллагаа юм. Монголын Залуучуудын форумын бүрэлдэхүүнд залуучуудын байгууллагууд нэгдэл, холбоодын тэргүүлэгчид ерөнхийлөгчид багтах ажээ. Энэхүү Форумд эхний ээлжинд МЗХ, МОХ, ”JCI Монгол” байгууллага, НАМЗХ, АЗХ, Сурагчдын холбоо, Монголын залуу эрдэмтдийн холбоо, “Шударга ёсны хувьсгалт” Үндэсний нэгдсэн залуучуудын холбоо зэрэг 20-иод залуучуудын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд бусад байгууллагууд ч цаашид нэгдэх боломжтой аж.
Хэдийгээр эдгээр байгууллагууд нь өөр өөрийн гэсэн үйл ажиллагаа, үзэл баримтлалтай боловч эцсийн дүндээ залуучуудын төлөө, тэдний нийгмийн асуудлыг зөвөөр шийдвэрлэх, үзэл бодол дуу хоолойг төлөөлөн хүргэх, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг адил цэгт төвлөрч байдаг. Үүнд л энэхүү форумын гол ач холбогдол оршиж байгааг залуус хэлж байлаа.
“Залуус та бүхэн хоорондоо ярилцаад ажлаа төлөвлөөд ороод ир, бүгдээрээ их үр дүнтэй, өргөн цараатай ажиллана шүү” гэдгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ дурьдаж байлаа.
Залуус Ерөнхий сайдтай сар бүр тодорхой саналтайгаар уулзах бөгөөд харин залуучуудын байгууллагуудын төлөөлөгчдийн дараагийн хурал МЗХ-ны байран дээр ирэх 7 хоногт болох юм байна. Ийнхүү Монголын залуучуудын төлөө ажилладаг байгууллагууд хамтарч ажиллахаар болсон нь сайшаалтай.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )