11-р сарын 1-ний өдрийн чуулганы тойм

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Компанийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 04 дүгээр дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг танилцуулснаар эхэллээ. Мөн "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийж хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг авч, нээлттэй хэлэлцүүлэг хийн эрдэмтэн судлаачдын саналыг төсөлд тусгасан байна. Үүний дараа Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.  Энэ хуулийн өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл шүүмжлэлтэй хандаж ингэж өөрчлөлт оруулахгүйгээр зохицуулах боломж байгаа хэмээн сануулсан юм.

УИХ-аар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ.

Ирэх онд улсын төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын 81,4 хувь буюу 1203,1 тэрбум төгрөгийг барилга байгууламж барихад, 3,4 хувь буюу 49,7 тэрбум төгрөгийг их засварт, 8,6 хувь буюу 127,3 тэрбум төгрөгийг техник тоног төхөөрөмж худалдан авахад, 6,6 хувь буюу 98 тэрбум төгрөгийг дараа онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ТЭЗҮ, зураг төсөл, судалгааны ажилд зарцуулахаар төлөвлөсөн байна. Төсвийн орлого, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх, бууруулахаар ажлын хэсэг болон гишүүдээс гаргаж төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн саналын томъёоллуудаар санал хурааж байна.

Төв банкны ногдол ашгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг таван тэрбум төгрөгөөр, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээс төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг 3 тэрбум 825,5 сая төгрөгөөр, гаалийн болон бусад орлогыг 10 тэрбум 838,5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой хэмээн Үндэсний аудитын газраас гаргасан зөвлөмжийг Төсвийн байнгын хорооноос дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Мөн багш нарын тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардалд 10 тэрбум 456,9 сая, хөдөө орон нутгийн багш нарын тэтгэмжид 2,5 тэрбум төгрөгийг  төсөвт нэмж тусгах саналыг дэмжлээ. Ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, хүүхэд залуу үед эх оронч үзэл төлөвшүүлэх, хөгжүүлэх “Эх орон 36” хөтөлбөрийн хэрэгжилтэд зориулсан санхүүжилтийг нэмэхээр болсон бол Гадаад харилцааны сайдын багцад 2,5 тэрбум төгрөгийг байгалийн гамшигт нэрвэгдсэн орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулан нэмэхээр боллоо. Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэхээр гишүүдээс оруулсан саналуудаар санал хурааж бүгд дэмжигдсэн юм. Тухайлбал, зарим аймаг, суманд ахуйн үйлчилгээний төвийн барилга барих,  ГХЯ-ны Ёслол хүндэтгэлийн өргөөний шинэчлэл хийх, өмнөх онуудад баригдсан замын үнийн зөрүү 45,5 тэрбум төгрөг, цахилгаан дулаан дамжуулах шугам барих, засварлах, соёл, спортын барилгын их засварыг хийх зардлыг төсөвт нэмж тусгахаар санал оруулсныг дэмжлээ. Авто замын үнийн зөрүүг олгох саналтай уялдан үнийн өсөлтөөс шалтгаалан алдагдалтай ажилласан барилгын компаниудын асуудлыг мөн гишүүд сөхөж байлаа.

Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Төсвийн орлого, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх, зарим үргүй зардлыг танахаар Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарган ажиллуулж төсвийн үр дүнтэй, боломжит хамгийн бага алдагдалтай байдлыг хангахуйц саналуудыг УИХ дахь намын бүлгүүдтэй зөвшилцөн гаргуулахаар томилсон билээ. Мөн төслийг эхний хэлэлцүүлгийн дараа УИХ-ын бусад байнгын хороогоор хэлэлцүүлээд байсан юм.

Өчигдөр буюу лхагва гарагт Төсвийн байнгын хороо ажлын хэсгээс гаргасан саналуудыг хэлэлцээд, ажлын хэсгийн боловсруулсан саналыг дэмжсэн тохиолдолд бусад байнгын хороод, Төсвийн зарлагын дэд хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг санал хураалгахгүйгээр татан авах нь зүйтэй гэсэн АН-ын бүлгийн зарчмын байр суурийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжээд тус ажлын хэсгээс гаргасан 100 гаруй саналыг нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн зүгээс Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон холбогдох яам агентлагийн ажилтнуудаас хөрөнгө оруулалтын зардлын талаар түлхүү асууж тайлбар сонсож байсан бөгөөд зардлыг танахаас илүүтэйгээр улс орны хөгжлийг түргэтгэх үр дүнтэй төсөв батлахыг урьтал болгож байр сууриа илэрхийлж байв.

Тухайлбал А.Бакей, Ө.Энхтүвшин, Д.Дэмбэрэл нарын гишүүд төслийн арга хэмжээнүүдийг дэмжихгүй байх, хөрөнгө оруулалтыг царцаах ямар нэгэн шалтгаан байхгүй гэдгийг илэрхийлэхийн сацуу Шинэчлэлийн Засгийн газрыг хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь сөрөг үр дагавар гаргахгүй байх тал дээр анхаарч ийнхүү нухацтай хэлэлцэх шаардлагатай байгааг хэлж байв.

Гишүүдийн асуултад шаардлагатай тодруулгыг ­Ерөнхий сайд болон сайд нар хийж байсан бөгөөд оруулж ирж байгаа төсвийн хөрөнгө оруулалт болон зардлуудын тухайд яам агентлаг, салбар бүрээс ирүүлсэн саналуудыг ач холбогдлоор нь эрэмбэлээд нэн шаардлагатай гэсэн арга хэмжээнүүдийг л оруулж ирсэн байгаа хэмээн хэлж байв. Мөн Засгийн газрын холбогдох ажилтнууд ч гишүүдийн асуусан асуултад дор бүрнээ бүрэн хариулахыг эрмэлзэж зарим асуудлаар нэршлийн хувьд болон зарим давхцлыг гурав дахь хэлэлцүүлгийн өмнө найруулж оруулж ирэх боломжтой тухай хэлж байсан.

Зарим саналууд нэр томъёоны хувьд тодорхой бус байсан нь гишүүдийн анхаарлыг татаж гишүүдийн дэмжлэгийг авч чадаагүй юм. Жишээлбэл өнөөгийн IT park-ийг чадавхжуулж ажиллуулахаар арга хэмжээ төлөвлөсөн ч нэр томъёоны хувьд тохиромжгүй байсан тул гишүүд дэмжсэнгүй.

Мөн ажлын хэсгийн гаргасан санал дотор татах шаардлагатай хэд хэд санал гарсныг татан авч буйгаа ажлын хэсгийн гишүүн Ж.Эрдэнэбат хэлж байв.

Төсвийн төслийг өргөн барихаас эхлүүлээд хэлэлцүүлэх шатанд иргэд олон нийтийн болон төрийн түшээдийн анхаарлыг татаад байсан асуудал бол Засгийн газрын Шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр төсөвлөөд байсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал юм. Анхны хэлэлцүүлгийн үеэр ямар ажил хийх нь тодорхойгүй хөрөнгө оруулалт Ерөнхий сайдын багцад төсөвлөсөн хэмээн шүүмжлэл дагуулаад байсан бол өнөөдөр Засгийн газраас уг хөрөнгөөр санхүүжүүлэх ажил үйлчилгээг гишүүдэд танилцуулсан. Дээрх хөрөнгө оруулалтын зардалд:

-Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй тасалбарын систем нэвтрүүлэх;

-Иргэдэд шаардлагатай лавлагаа, мэдээлэл өгөх автомат машинуудыг байрлуулах;

-Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх шуурхай цонх бий болгох;

-Бага орлоготой иргэдэд зориулсан банк байгуулах;

-Олимпийн спортын бэлтгэлийн төвүүдийг байгуулах;

-Аймгийн төвүүдэд битүү зах, худалдааны төв барихад хөрөнгө оруулах;

-Ногооны худалдааны төв Улаанбаатарт барих;

-Аймгуудын нэгдсэн оношлогооны төв бий болгох;

-Залуучуудын үйлчилгээний цогцолбор босгох;

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хөрөнгө оруулалт хийх зэрэг ажлууд багтжээ.

Уг хөрөнгийг хэрхэн зарцуулах, ажил үйлчилгээний талаар гишүүд багагүй хугацаанд ярилцаж Ерөнхий сайдын “Бид Шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд нэлээд ажил хийхээр төлөвлөснийг та бүхэн мэдэж байгаа. Ямартай ч бид тодорхойгүй гэгдээд байсан хөрөнгө оруулалтыг тодорхой болголоо. Цаашид Засгийн газар хэлэлцэж аль асуудал дээр түлхүү анхаарахаа шийдэх болно” гэсэн тайлбарын дараа санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн.

Ийнхүү Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 90 гаруй саналыг санал тус бүрээр хэлэлцэн шийдэх явцад УИХ-ын дарга З.Энхболд ажлын хэсэг болон Засгийн газарт хандан, зарим саналууд нэр томъёоны хувьд тодорхой бус, зардлын давхардал ч байгааг анхаарч дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хариуцлагатай ажиллахыг сануулав.

Хуралдааны төгсгөлд хуралдаан даргалагчийн зүгээс нэгэнт цаг орой болсон тул төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг маргааш үргэлжлүүлэх, харин өнөөдөртөө багтаад УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд энэ өдрийн хуралдааныг дуусгахыг гишүүдээс хүссэн.

Дээрх хуулийн төсөл бол ирэх орон нутгийн сонгуультай хамт явагдах УИХ-ын сонгуулийн зарим зохицуулалтад өөрчлөлт оруулах агуулга бүхий төсөл юм. Л.Цог гишүүний Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсны дараа санал хураахад уг асуудлыг гишүүдийн олонх дэмжив. Дараа нь байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр нь баталъя гэсэн горимын саналыг мөн гишүүд дэмжсэнээр УИХ-ын сонгуулийн тухай хуульд зарим өөрчлөлтийг оруулахаар тогтлоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top