УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх ар гэрийн гачигдлын улмаас УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө албан ёсоор өгчээ. Харин энэ асуудлыг МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаар ирэх долоо хоногт хэлэлцэх ажээ.
Энэ талаар тодруулахаар гишүүн руу залгахад утсаа авсангүй. Сүүлийн үед Төрийн ордонд тоотой харагдах болсон УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн ажилдаа ирэхгүй байсан шалтгаан бол эхнэр нь хүнд өвчин туссаны улмаас Солонгос улсад эмчилгээ хийлгэж байсантай холбоотой гэнэ. Эрхэм гишүүний гэргийн бие тааруу байгаа болохоор урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа аж.
Харин гишүүний бүрэн эрхээсээ татгалзах болсон шалтгааныг зарим нэгэн нь УИХ-ын гишүүн Ц.Баярсайханд шанаа өгсөн хэрэгтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл энэ хэрэг өнөөдөр хуулийнхаа дагуу шалгагдаж байгаа аж. Нэгэнт бусдын эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон болохоор шүүхээс ял өгөх нь тодорхой. Ял авсан тохиолдолд УИХ-ын гишүүний сэнтийгээсээ хүссэн ч эс хүссэн ч салах тул ийнхүү урьдчилан нэр цэвэр дээрээ сэнтийгээсээ салж байгаа нь энэ гэх.
Тэгвэл түүний суудалд хэн суух вэ? гэдэг асуулт хуулийнхаа дагуу шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх гишүүн намын листээр УИХ-д суусан болохоор листэнд нэр дэвшигчдээс түүний орыг залгах юм. Өөрөөр хэлбэл энэ жилийн сонгуулиар листэнд бичигдсэн улсуудаас урдуураа таслуулсан “азгүй” хүн бол ТВ-5–ийн захирал Д.Сарангэрэл хатагтай. Тэгэхээр УИХ дахь эмэгтэйчүүдийн албан бус бүлэг нэг гишүүнээр бүл нэмэх нь тодорхой боллоо.
Монголын парламентийн түүхэнд гишүүнээсээ Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУАЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч. Н.Жанцанноров л татгалзаж байжээ. Харин У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзаж байгаа хоёр дахь төрийн түшээ аж.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )