УИХ-ын нэгдсэн чуулган болж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг энэ сарын 14-ний өдөр гэдэгт тогтож бүх нийтээрээ амрах эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: Яагаад заавал 11-р сарын 14 гэж? Дөрвийн тооны дүрслэл чинь өөрөө үхлийг зөгнөсөн хэмээв. Үүнд нь А.Бакей гишүүн билэгдлийг нь бодвол 14-ийн тоог 1+4=5 гээд ойлгож болно гэв. Үүнд нь УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Казакууд тэгж тооцож болох байх. Ер нь тэр 14-ний өдөр гэдгийг өөрчил” хэмээн ангийнхаа нөхрийг гарал угсаагаар нь доромжлов. Үүнд А.Бакей гишүүний зэвүү дургүй зэрэг хүрсэн бололтой уйлах гэж байгаа мэт өмөлзөн “Би Казак ч гэсэн Монгол хүн. Нэгийгээ ингэж хэлж болохгүй ш дээ” хэмээв.
Тэднийг ингэж маргаж байхад О.Баасанхүү гишүүн өөрийн байр суурийг хэлэв. Тэрбээр 11-р сарын 14 бол нар хиртдэг өдөр. Билэгдлээ бодсон ч ийм өдөр байж болохгүй. Яагаад 12-р сарын 22-нд байж болохгүй гэж” хэмээв.
Түүнд хандан Ц.Оюунгэрэл сайд: Нар хиртдэг өдөр гэж байдаггүй юм. Нар сарны хөдөлгөөнөөр хэзээ хиртэх нь тодорхой болдог юм” хэмээв.
Хэрвээ Эзэн хааны мэндэлсэн өдрөөр бүх нийтээрээ амарвал энэ сард хоёр өдөр амрах гээд байгаа тул 11-р сарын 26-ны өдрийг амралтын бус ажлын өдөр болгох горимын санал гарав. Гэсэн ч энэ санал дэмжигдсэнгүй. Улмаар эзэн хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэн бүх нийтээрээ амрах нь зүйтэй гэдэгт УИХ-ын гишүүд санал нэгдэн асуудлыг байнгын хороонд шилжүүлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )