Шинэчлэлийн Засгийн газраас төрийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй байлгах, санал хүсэлтийг нь шуурхай хүлээж авах, шийдвэрлэлтийн явцыг ил тод мэдээлэх зорилгоор “11 11 төв”-ийг 10 дугаар сарын 12-нд нээсэн. Төр засгийн чихийг онгойлголоо гэх сайшаал дэмжлэгийг олон нийтээс хүлээгээд байгаа энэ ажилд иргэд идэвхтэй оролцож, эх орны өнцөг булан бүрээс санал шүүмжээ ирүүлсээр байна.
“11 11 төв” 20 хоногийн хугацаанд иргэдээс 7000 гаруй санал, хүсэлт, гомдол, талархал хүлээн авчээ. Эдгээр санал, хүсэлтийг Засгийн газрын хариуцсан яам, агентлагуудад хуваарилан, хариу мэдээллийг иргэдэд өгч байна.
Өнгөрч буй долоо хоногт гэхэд 1250 иргэн санал, хүсэлтээ илэрхийлсний 60 орчим хувь нь боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр, халамж үйлчилгээ, нийслэл хотын тохижилт гэх мэт нийгмийн шинжтэй асуудлаар ханджээ.
“11 11 төв” олон нийтийн саналыг өргөн хэрэглээний 10 сувгаар хүлээн авч, шийдвэрлэлтийн явцыг www.11-11.mn цахим хуудсандаа ил тод байршуулж, тухайн иргэний хандсан сувгаар хариуг эргэн мэдэгдэж байна. Иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах 11 11 төв өдөр бүр 08.00-18.00 цаг хүртэл ажиллаж байгааг иргэддээ дашрамд уламжилъя.
Иргэд юу асуув, Засгийн газар хэрхэн хариулав?
УИХ-аас энэ намар шинээр баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль хэрэгжсэнээр тэтгэврийн нэмэгдлийг ямар нөхцөлөөр олгохыг лавласан асуултууд өнгөрсөн долоо хоногт олонтаа давтагдаж, Нийгмийн даатгалын Ерөнхий газраас хариулт өгсөн байна. Уг хуулиар “өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй буюу боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх болмжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах” асуудлыг зохицуулахаар шийдвэрлэсэн юм.
Хүүхдийн 20 мянган төгрөг, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 340 төгрөг хэзээнээс олгогдохыг лавласан асуултуудад Нийгмийн халамж, үйлчилгээний Ерөнхий газраас хариултыг шуурхай өгчээ. Хүүхдийн мөнгөний хувьд энэ оны 10 дугаар сарын 12-ноос өмнө сонгосон банкиндаа өргөдөл гаргасан бол тухайн сардаа, түүнээс хойш өргөдөл өгсөн бол дараа сард 10 дугаар сарын мөнгө нэмэгдэн орох юм. Харин ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд Хүний хөгжил сангаас олгох мөнгийг 2012 оны төсвийн тодотголоор баталсан тул ондоо багтааж олгохоор ажиллаж байна.
Засгийн газрын 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 6 хувийн хүүтэй зээлийн орон сууцны санхүүжилтийн асуудлаар иргэд цөөнгүй хандлаа. 6 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлт шийдвэрлэгдээд буй санхүүжилтийн эх үүсвэрээс хэтэрсэн тул ОССК, Төрийн банк шинээр хүсэлт авахыг түр зогсоогоод байгаа талаар Сангийн яамнаас хариу хүргэжээ.
Харин орон гэрийн асуудлыг нь шийдвэрлэж өгөхийг хүссэн иргэдийн хүсэлтүүдэд Нийгмийн халамж, үйлчилгээний газраас зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Халамжийн хуулийн дагуу гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх, 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн, хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй иргэн, гэр оронгүй тэнэмэл өрх, иргэнд гэр авахад нь дэмжлэг үзүүлж нэг удаа амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж үзүүлдэг. Иймд дээрх иргэд сум, хорооны даргадаа хандахыг тус газраас зөвлөсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт нийслэл хоттой холбоотой 198 санал, хүсэлт, гомдол иржээ. Тодруулбал, утаагүй зуухны асуудлаар 30, хот тохижилттой холбоотой асуудлаар 56, нийтийн тээврийн үйлчилгээний асуудлаар 39 иргэн санал, хүсэлт, гомдол бүртгэгдсэн байна. “Цэвэр агаар” төслийн хүрээнд хэрэгжиж буй утаагүй зуух айл өрхүүдэд хангалттай хүрэлцэхгүй, эсвэл захиалсан зуухны хүргэлт удаашралтай байгаа нь иргэдийг ихээр бухимдуулжээ. Нийтийн тээврийн цагийн хуваарь, үйлчилгээний тав тух, орон сууц, гэр хорооллын хог ч мөн иргэдийг бухимдуулсаар байгааг ирүүлсэн санал хүсэлтээс нь харж болохоор байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )