Б.Батжаргал: Гэрээг цуцлаагүй бол жилд 1-2 их наяд төгрөгийн татвараа алдах байсан

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05


Улсын Их Хурлаар Нидерланд, Люксембургийн вант улс, Кувейт болон Арабын Эмират улстай байгуулсан давхар татварын гэрээг цуцалсантай холбогдуулан уг асуудлыг тойрсон сэдвээр эдийн засагч Б.Батжаргалтай ярилцлаа.

-Өмнө та Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга байхдаа эдгээр 4 гэрээг цуцлах асуудлыг хариуцан ажиллаж хэвлэлд байр сууриа илэрхийлж байсан хүний хувьд өнөөдөр УИХ-аар тэдгээр 4 гэрээг цуцалсантай холбогдуулан санал бодлоо бидэнтэй хуваалцахгүй юу?

-Монгол Улс хөгжлийн шинэ шатанд гарахын өмнө зайлшгүй засч залруулах ёстой томоохон арга хэмжээний эхний хэсэг нь ажил хэрэг болж байгаад сэтгэл хангалуун, баяртай байна. Хэрвээ эдгээр 4 гэрээ цуцлагдаагүй бол Монгол улс жил бүр 1-2 их наяд төгрөгийн татвараа цуглуулж авч чадахгүйд хүрэх байсан бөгөөд ирэх жилүүдэд энэ хэмжээ хэдэн арав дахин өсөхөөр байсан. Тусгаар улсын хувьд авах ёстой татвараа өмнө байгуулсан гэрээний улмаас цуглуулж авч чадахгүй байгаа нь орлого алдахаас гадна олон улсад Монгол улсын нэр хүнд, үнэлэмж буурах зэрэг олон урхагтай асуудал дагуулсаар ирсэн юм.

-Яагаад ийм алдагдалтай гэрээг манай Засгийн газраас байгуулсан юм бэ? Эдгээрийг байгуулж байх үед ОУВСан зэрэг байгууллагуудаас зөвлөгөө авч байсан уу?

-Монгол Улсаас Кувейт улстай 1998 онд, Люксембургийн вант улстай 2001 онд, Нидерландын Вант улстай 2002 онд,  Арабын Нэгдсэн Эмират Улстай 2003 онд тус тус давхар татварын гэрээ байгуулсан. Эдгээр нь одоогоос 10 гаруй  жилийн өмнө буюу Монгол Улс гадаад харилцаагаа сайжруулж, га­даадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгаа хөг­жүүлэхийг чухалчилж байсан үед хийгдсэн. Өөрөөр хэлбэл төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр айлын талаас давхар татварын гэрээ зурах санал тавьдаг байсан бөгөөд бид гэрээ хэлцэл байгуулах туршлага муутай, үр дагаврын талаар сайтар ойлголтгүй байсантай холбоотой болов уу. Миний санахад 1998-2003 онд Монгол Улс эдийн засаг нийгмийн шинжтэй олон шинэчлэлүүдийг авч хэрэгжүүлж түүнд ОУВС-гийн зүгээс бодлогын зөвлөмж, дэмжлэгийг үзүүлж ирсэн боловч тухайлан манай улсаас гадаад улстай байгуулсан болон байгуулах давхар татварын асуудлаар зөвлөгөө, зөвлөмж авч байгаагүй. Тухайн жилүүдэд Монгол Улсын гадаад дотоод орчин огт өөр байсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт өнөөтэй адил ихээр орж ирдэггүй байсан учраас эдгээр гэрээний учир холбогдол, үр дагавар нь төдийлөн сайн мэдрэгддэггүй байсан болов уу.

-Монгол Улсаас хамгийн сүүлд хэзээ, ямар улстай давхар татварын гэрээ байгуулсан бэ. Одоо манай улстай давхар татварын гэрээ байгуулъя гэж хүсэлт тавьсан орон байдаг уу?

-Хамгийн сүүлд Австри болон Сингапур улстай 2005 онд байгуулсан байдаг. Энэ үеэс хойш Монгол улс гадаад улстай давхар татварын гэрээ шинээр зураагүй бөгөөд миний мэдэхээр арав гаруй улсууд түүн дотроо Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд давхар татварын гэрээ байгуулах хүсэлтээ дипломат шугамаар манай талд тавьсан. Эдгээрийн дотроос зөвхөн Япон улстай байгуулах давхар татварын гэрээний хэлэлцээний өмнөх шатны уулзалтыг нийтдээ 3 удаа хийсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй юм. Үнэнийг хэлэхэд манай улсад давхар татварын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин гэвэл тоотой 2–3-хан л хүн байгаа нь хэтэрхий цөөхөн юм. Бусад улс оронд олон улсын татварын асуудал хариуцсан тусгай мэргэшсэн алба ажиллаж улс орныхоо татварын бааз суурийг хамгаалах, татвараа бүрэн цуглуулах ажлыг хийдэг байхад манай улсад энэ асуудал хавсарга төдий үнэлэгдсээр өдий хүрсэн нь үнэн юм. 

Гадаадын хөрөнгө оруулалт асар хурдтай нэмэгдэж байгаа энэ орчинд Монгол улс олон улсын татварын чиглэлээр тусгай алба байгуулах, түүний боловсон хүчний асуудал дээр онцгой анхаарал хандуулахгүй бол гадны хөрөнгө оруулагчидтай хэчнээн сайн гэрээ байгуулаад ч нэмэргүй байх магадлалтай юм. Гадаад талтай байгуулах аливаа санхүү хөрөнгө оруулалтын гэрээг олон улсын хэм хэмжээнд ойлгож, хэрэгжүүлэх, хянах мэргэжлийн өндөр чадвартай боловсон хүчин бүхий алба байгуулах бодит шаардлага байгаа гэж үздэг.

-Ялангуяа гадаадын хөрөнгө оруулагчдаас авах ёстой татвараа бүрэн цуглуулж авч чадахгүйд хүрэх вий гэдэг болгоомжлол танд байгаад байна гэж ойлголоо. Энэ зөв үү?

-Ер нь аль ч нийгмийн байгууллын үед төрийн хүч чадал нь татвараа цуглуулах чадамжаар хэмжигдсээр ирсэн. Хэрэв тухайн төр татвараа бүрэн цуглуулж чадвараа аажмаар алдаж эхлэвэл тухайн төрт улсын аюулгүй байдал нь аажимдаа хэврэгших болно. Аль ч төрийн оршин тогтнохын үндэс нь татвар байдаг бөгөөд тогтоосон татвараа бүрэн цуглуулах нь түүний баталгаа нь болдог. Ийм ч учраас Монгол улсаас гадаадын 30 гаруй улстай байгуулсан давхар татварын гэрээг судлан үзэж цогцоор нь шинэчлэх ажлыг 2009 оны сүүлийн хагасаас эхлүүлсэн юм. Өнөөдөр (өчигдөр-сурв.) цуцалсан 4 гэрээний дараа Монгол Улсаас гадаад улстай байгуулах давхар татварын гэрээний загварыг боловсруулан батлуулах, дээрх 4 орон хэрэв гэрээг дахин шинээр байгуулах хүсэлт гаргавал хэлэлцээг эхлүүлэх, Сингапур болон Швейцарь улстай байгуулсан гэрээ, тэдгээрийн хавсралт протоколд өөрчлөлт оруулах замаар Монгол улсын зарим татвараа авах боломжийг бүрдүүлэх зэргээр нэлээд олон ажил хийгдэх ёстой болно. Эдгээр ажлыг хийх хүн хүч, нөөц бололцоо дутмаг байгааг анхаарна байхаа гэж найдаж байна.

-Дээрх 4 улстай байгуулсан гэрээг цуцалсан боловч үйлчлэл нь хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ гэсэн асуултыг хөрөнгө оруулагчид ихээхэн сонирхож асууж байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Энэ бол зүй ёсны асуулт юм. Монгол Улсын Их Хурлаас баталсан хууль бол батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхлэх боловч тэдгээр улстай байгуулсан давхар татварын гэрээндээ уг гэрээг цуцлахтай холбоотой харилцааг бас давхар зохицуулах заалтууд орсонтой холбоотойгоор хөрөнгө оруулагчид тодруулж асууж байгаа болов уу. Жишээ болгоод Нидерланд улсыг авч үзье. Монгол улсаас Нидерландын вант улстай байгуулсан гэрээний 30 дугаар зүйлд “Хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дараагаас эхлэн хуанлийн жил дуусахаас 6 сарын өмнө цуцлах тухайгаа дипломат шугамаар мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдсэний дараагийн хуанлийн жилийн эхнээс ийнхүү цуцалсан нь мөрдөгдөж эхэлнэ” гэж заасан байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай талаас 2012 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн албан бичгээр дээрх 4 улсын холбогдох байгууллагуудад дипломат шугамаар гэрээг цуцлах талаар мэдэгдсэн болно. Иймд Нидерландын Вант улстай байгуулсан давхар татварын гэрээний үйлчлэл 2013 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл энэ өдрөөс эхлэн Нидерландын Вант улсын хөрөнгө оруулалттай Монгол улсын аж ахуйн нэгжүүдийн Монгол улсад олсон бизнесийн ногдол ашгийн орлого болон аливаа хүүгийн төлбөрийг гадаадад шилжүүлэхэд Монгол улс 20 хувийн татвар ногдуулж эхэлнэ.

-Нидерландын Вант улсаас Монгол улсад хөрөнгө оруулсан томоохон ямар аж ахуйн нэгжүүд байдаг юм бэ? 

-Аливаа компани, бизнесийн байгууллагын гол зорилго нь өөрсдийн хүртэх ашиг, орлогоо нэмэгдүүлэх явдал учраас хууль тогтоомжийн хүрээнд боломжит хамгийн бага татвар төлөхийг ямагт зорьдог. Тийм ч учраас, томоохон үндэстэн дамнасан компаниуд татварын мэргэшсэн зөвлөх, татварын хуульч нарыг өндөр цалин амлан ажиллуулж, дотоодын хууль тогтоомж болон тухайн улсаас бусад улстай байгуулсан олон улсын гэрээ хэлэлцээрийг нарийвчлан судалж, тэдгээрийн хүрээнд яаж хамгийн бага татвар төлж болох гарц, хувилбарыг хайж, олж, ашиглаж байдаг. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй зарим гадны хөрөнгө оруулалттай компаниуд ялангуяа уул уурхайн салбарт ажилладаг компаниудын толгой компани Нидерланд, Люксембург зэрэг улсуудад бүртгэлтэй байдаг. Энэ нь бизнесийн олон учир шалтгаантай байж болох хэдий ч эдгээр улсуудтай байгуулсан давхар татварын гэрээний зарим заалтыг ашиглах зорилгоор дээр хэлсэнчлэн “Голланд сэндвич” компани байгуулж, татвараас зайлсхийж байна гэж үзэж болох юм. 

Гадаадын хөрөнгө оруулалтын газраас авсан судалгаагаар Монгол улсад Нидерландын вант улсаас хөрөнгө оруулалттай компанийн тоо 168 байгаа бөгөөд эдгээрээс манай Татварын Ерөнхий газрын мэдээллийн баазад дөнгөж 37 компанийн бүртгэл байна. Доорх нэрсийн жагсаалтаас Ази, Европын олон компаний дийлэнх нь Нидерландад компани байгуулснаар манай улсаас Нидерланд улстай байгуулсан давхар татварын гэрээг ашиглан Монгол улсад төлөх татвараас зайлсхийж байсан болохыг харж болно.

Нидерланд улсаас хөрөнгө оруулалттай компани

Люксембург улсаас хөрөнгө оруулалттай компани

Арабын нэгдсэн Эмират улсаас хөрөнгө оруулалттай компани 

1

Мобиком корпораци

Мониталкашмер

Тиохенкдик трейд

2

Бороогоулд

Биг Могул Коул энд Энержи

Престиж суплайз инк

3

Тэнгэр санхүүгийн нэгдэл

Энержиресурс корпораци

Интегрэйтэд сервис солюшнс мон

4

Инспекшн экспертайз монголиа

Хулаанкоул

Эй Си Си Эл монголиа

5

Оюутолгой

Монголиа оппортунити партнерс

 

6

Юни Си Энд Си

РЭАБ

 

7

Интердарм-Улаанбаатар

Их хөгжлийн цуваа

 

8

Централ эйшиан цемент

 

 

9

Тэрэлжгэйст Хаус Гэрс

 

 

10

Норд ийст эйша энержи

 

 

11

Тиарарезорт

 

 

12

Атласкопко Монгол

 

 

13

Бэрлэг майнинг

 

 

14

Пантер Мидланд аудит

/Эх сурвалж: Татварын ерөнхий газар/

15

СААК МН

16

Натуралвайт

17

Нэмосэма

18

Ванхээрк Рийпэстэйт Монголия

19

Клейн-Амстердам

 

 

20

Эн Пи Ви

 

 

21

Евро юуртс

 

 

22

Ньюгрэшиус

 

 

23

Кинито

 

 

24

Аксэнсэ айти суппорт

 

 

25

Пи Юу Эйч Эм Ай Эм

 

 

26

Трансвест Монголиа

 

 

27

Эрмэнэжилдо зэйна

 

 

28

Киуб монголиа

 

 

29

Эм Эй Би Эс

 

 

30

Ар Ти Өү Ти Эм

 

 

31

Манули Флуйконекто Монголиа

 

 

32

И Эн Ар Си Эм Эн Жи

 

 

33

Си Эйч Тү Эм Эм Жи Эл

 

 

34

Күинтана минералс монголиа

 

 

35

Журалинк монголиа

 

 

 

-Одоо Нидерланд болон бусад улстай байгуулсан давхар татварын гэрээ цуцлагдсаны дараа эдгээр олон компаниуд яах вэ?

-Нэгэнт энэ компаниудын хувьд Монгол улсад огт татвар төлөхгүй байх орчин үгүй болж байгаа учраас 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө татварын хувьд хамгийн таатай дараагийн бүтцийг бий болгохыг зорих болов уу. Ялангуяа уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бэлтгэлээ хангаж буй хэд хэдэн томоохон компаниуд энэ үйл явдал хаашаа хэрхэн өрнөхийг хүлээж байсан. Одоо нэгэнт тодорхой болсон учраас татварын хувьд хамгийн таатай дараагийн бүтцийг хэрхэн бий болгох талаар PwC гэх мэт мэргэжлийн зөвлөх компани болон хувь зөвлөхүүдээс зөвлөгөө авах болов уу гэж бодож байна. Мэргэжлийн хүрээний дунд яригдаж буй дараагийн шатны татварын хамгийн таатай бүтцийг Сингапур болон Швейцарь улсад шинээр компани байгуулж, уг компаниас Монгол дахь компанид хөрөнгө оруулах байдлаар өөрчлөх нь тохиромжтой хэмээн хэлэлцэгдэж байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газраас Сингапур болон Швейцарь улстай байгуулсан давхар татварын гэрээнд байгаа зарим заалтуудыг сайжруулах чиглэлээр хэлэлцээ эхлүүлэхээр төлөвлөөд байгаа гэдгийг сайтар тооцож үзэх хэрэгтэй болов уу.   

Төрийн байгууллагууд захиалга өгч олон улсын татварын болон уул уурхайн томоохон компаниудын татварын ээдрээтэй асуудлууд дээр шинжилгээ хийх, дүгнэлт гаргах ажлуудыг чадавх бүхий хувийн зөвлөгөө өгөх компаниудтай гэрээний үндсэн дээр хийлгэдэг туршлага гадны зарим улсад байдаг. Энэхүү төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр хийлгэж буй туршлагыг манайд мөн хэрэгжүүлэх боломжтой юм шиг санагддаг. 

-Тодруулга өгсөн таньд баярлалаа.  

А.Баярмаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top