Чин сүжигт Номун хан Лувсанноровшэйрав гэгээнтний мэлмий гийсний 310 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн ажлын хүрээнд Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ИТХ, ЗДТГ, Галуут сумын ИТХ, ЗДТГ, Шинжлэх ухааны академийн Төвд судлалын сектор хамтран “Чин сүжигт Номун ханы өв соёл” хэмээх үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейд гаргалаа. Үзэсгэлэнгийн эхэнд Баянхонгор аймгийн уугуул МУ-ын УГЗ, туульч Д.Өлзий “Богд Жангар хаан” туулиас хайлж хурсан олны сонорыг мялаав. Нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгаас төрсөн алдартнуудаас эхлээд Бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн лам хуврагууд хүндэтгэл үзүүлэн зул өргөж байлаа. Үзэсгэлэнд Чин сүжигт Номун хан хутагт Лувсанноровшэйравын зохиосон өдгөө Улсын нийтийн төв номын сангийн үнэт номын тасагт хадгалагдаж буй “Сүм Бум” долоон боть ном, Гүр дууны бичгийн дөрвөн дэвтэр гээд түүний амьд ахуй цагтаа туурвисан Монгол соёлын сор болсон бүтээлүүдийг дэлгэн тавьсан нь ихээхэн сонирхол татаж байв. Мөн эл үеэр Галут сумаас төрсөн залуу судлаач Н.Нарангэрэл “Чин сүжигт Номун ханы өв соёл” хэмээх номын нээлтээ хийж үзмэрүүдийн талаар нарийн тайлбар өгч байсан нь олзуурхууштай санагдав. Гүр дууны гүн эгшиглэнгийн увидас бүтээлээрээ докторын зэрэг хамгаалсан түүний шинэхэн ном зургаан бүлгээс бүрдсэн бөгөөд Чин сүжигт Номун ханы хүрээний үүх түүх, зан заншил, соёл тэр чигээрээ багтсан 70 гүр дууны өв сангаас гадна нутгийн өндөр настан тухайн хийдийг мэдэх хүмүүс хийгээд архивын баримтыг ашигласан нь судлаачдын анхаарлыг зүй ёсоор татах бүтээл болжээ. Сонирхуулахад, хутагт Лувсанноровшэйравыг хамгийн ихээр алдаршуулсан зүйл бол Төвдийн бурхан шашны дууллыг монгол ардын дуутай холбож шинээр Гүр дуу хэмээх урсгалыг бий болгосон гэж судлаачид үздэг байна. Түүнээс гадна Гүр дууны Ян-Егийг Монголд бичигдсэн хамгийн анхны нот гэж үзэх судлаачид байдаг бөгөөд ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэх өндөр магадлалтай бүтээл гэж үздэг аж. Тиймээс Чин сүжигт Номун хан Лувсанноровшэйрав гэгээнтний туурвисан бүтээлүүдийн түүхэнд гүйцэтгэх үүргийн тухай Монголд нэр нөлөө бүхий 19 эрдэмтний оролцсон эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулав. Ойн үйл ажиллагаа үүгээр хязгаарлагдахгүй бөгөөд гэгээнтний Монголын түүх соёлд оруулсан хувь нэмрийг дүгнэн, нийтэд дэлгэн үзүүлж, сурталчлан таниулах зорилгоор цааш цаашдаа олон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )