Эзэн хаан Чингисын мэндэлсэн өдрийг жил бүрийн 11-р сарын 14-ны өдөр тэмдэглэнэ хэмээх яриа байнгын хороо, чуулган дээр яригдах болсон. Тэгвэл АН-ын бүлгээс дөнгөж сая энэ талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал Эзэн хаан Чингис 1161 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу тухайн жилийнхээ 11-р сарын 8-ны өдөр мэндэлсэн гэнэ. Энэ нь баараггүй бөгөөд маргах үндэслэл огтхон ч байхгүй аж. Тэгвэл эзэн хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь энэ жил 11-р сарын 14-ны өдөр тохиож байгаа гэнэ. Тиймээс энэ жил дээрх өдөр эзэн хааны төрсөн өдрийг тэмдэглэнэ. Харин дараа жил билгийн тооллоороо өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэзээ болно тэр өдөр нь тэмдэглэх ажээ.
Үүнээс гадна АН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуулийг хэлэлцсэн байна. АН-ын зүгээс хоёр асуудалд зарчмын хувьд саналын зөрүүтэй байгаа. Тодруулбал УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөлд УИХ-ын чуулганыг хамгийн ахмад нь удирдана гэж заасныг эсэргүүцэж хуучнаараа байсан нь дээр хэмээн үзэж байгаа аж. Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын дэгийн тухай хуульд УИХ-ын гишүүн 3 хүртэлх байнгын хороонд орох боломжтой бөгөөд нэг байныгн хороо 19 хүртэлх гишүүнтэй байна хэмээн заасан. Тэгвэл хуулийн төсөлд УИх-ын нэг гишүүн хоёр байнгын хороонд хамрагдах бөгөөд байнгын хороодын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй гэж заажээ. Үүнийг АН өмнөхөөрөө байсан нь дээр хэмээн үзэж байгаа юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 1 )
uneheer goy boljee.