УИХ-ын тамгын газрын ЕНБД Ц.Шаравдорж өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр өргөдлөө өгсөн билээ. Түүнийг ажлаас чөлөөлөх эсэхийг дөнгөж сая Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ. Ц.Шаравдоржийг үүрэгт ажлаа хийхэд албан тушаалтнуудын ил болон далд дарамт байсан гэнэ. Үүнээс гадна тайлбар хийхэд хугацаа хангалттай бус болохоор ажлаас гарч байгаа шалтгаанаа нууцлахаар боллоо.
Харин түүний үүрэгт ажлыг авах хүний нэрийг УИХ-ын дарга оруулж ирэх хуулийн зохицуулалттай юм байна. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд бүрэн эрхийнхээ дагуу АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатарын нэрийг оруулж ирэв.
Б.Болдбаатар нь 1968 онд төрсөн. Хуульч, инженер мэргэжилтэй. 2004 оноос хойш "Эх орон" болон Ардчилсан намуудын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Одоо УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд АН-ын гишүүн.
Б.Болдбаатарыг улс төрчдийн нөлөөнд автахгүй байж, УИХ-ын тамгын газар хэмээх өнөр бүлийг хайр халамжаар дутаахгүй сайн авч явахыг УИХ-ын гишүүд нь захиж түүнийг ЕНБД болохыг дэмжив. Түүнийг үүрэгт ажлаа хүлээн авах эцсийн шийдвэрийг пүрэв, баасан гарагт хуралдах чуулганаар хэлэлцэх юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )