Яг одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ. Энэ хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж УИХ-д мэдүүлсэн бөгөөд УИХ дахь МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох томъёолол мөн багтаагаад байгаа юм. Тиймээс эл хуулийн төслийг хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь МАН-ын гишүүд ач холбогдол өгч өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Анхдугаар чуулганыг даргалах ёстой хамгийн ахмад настай гишүүн нь хуралдаандаа оролцолгүй орхиод явсан байтал яагаад Ерөнхийлөгч хамгийн ахмад настай гишүүн нь анхдугаар чуулганыг удирдана” хэмээн асуудлыг оруулж ирэв. Хоёрт, завсарлагын хугацааг заасан нь Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын дотоод үйл ажиллагаанд хэтэрхий оролцсон хэрэг болж байна. Үүнд хариулт авмаар байна гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Анхдугаар чуулганыг удирдах хүн нь тухайн чуулгандаа оролцож байгаа хамгийн ахмад нь байна” гэж зааж өгсөн. Одоо үйлчилж байгаа хуулиар хамгийн ахмад гишүүн удирдана гэж заасан. Тиймээс ялгаатай.
Завсарлагын тухайд УИХ дахь намын бүлгүүдийн хувьд энэ асуудал нь хугацаагүй байна. Тиймээс УИХ дахь намын бүлэг нь эхний удаад таван өдрийн завсарлага хүсдэг, хэрвээ сунгах шаардлагатай бол дахиж гурав хоногийн завсарлага авч болно. Энэ нь ажлын найм хоногт багтаан завсарлага авна гэсэн үг. Түүнээс илүү гарч болохгүй. Ингэснээр улс орны өмнө тулгамдсан чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд цаг алдахгүй байх бололцоог хангаж өгч байгаа” гэсэн юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь маш чухал хуулийн төсөл учраас О.Баасанхүү гишүүнтэй санал нэгдэхгүй байна гэдгээ мэдэгдэв.
Одоо тус байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн нэмэлт зардлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )