УИХ-д нийт есөн эмэгтэй гишүүн байгаа билээ. Тэд нийлэн албан бус бүлэг байгуулж, цөөнгүй ажил хийсэн. Тэгвэл тус бүлэг өнөөдөр ээлжит ажлаа эхлүүлж байгаа гэнэ. Тодруулбал “Эмэгтэйчүүд чадна” хэмээх 14 хоногийн аян өнөөдрөөс эхлүүлж байгаа юм. Ингэхдээ тэд орон нутгийн сонгууль болон нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэй гишүүдийг дэмжиж, тэднийг сонгохыг уриалах ажээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Эмэгтэйчүүдийн оролцоо улс төрийн бүхий л шатанд хэрэгтэй. Өнөөдөр орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд. Тэгвэл нийт сонгогчдын 51 хувь нь эмэгтэйчүүд. Тэгэхээр эмэгтэйчүүдээ дэмжээд явах боломжтой бөгөөд тэднийгээ дэмжихийг хүсэж байна.
УИХ-ын гишүүн С.Оюун: Бид эмэгтэй нэр дэвшигчдэдээ баяр хүргэж, урам өгөхөөр энэхүү аяныг зохион байгуулж байгаа. Бид эмэгтэйчүүдээрээ бахархаж байна. Эмэгтэйчүүд сонгогдсон тохиолдолд сонгогчдын нүүрийг улайлгахгүйгээр ажиллах чадварлаг улс.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Эмэгтэйчүүд үр хүүхэд, эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэдэг. Эмэгтэйчүүд эвтэй ажиллаж чаддаг. Үүнийг бидний албан бус бүлгийн ажлын үр дүн харуулсан гэв.
Цаашид УИХ дахь эмэгтэйчүүдийн албан бус бүлэг Ашигт малтмалын тухай хуулийг улам боловсронгуй болгохоор ажиллахаар төлөвлөөд байгаа бөгөөд одоогоор судалгааны ажлуудыг хийж байгаа ажээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )