Ерөнхий сайд Н.Алтанхуяг ”Хурх” захын үйл ажиллагаатай танилцлаа”

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 07

Худалдааны төвийн шинэчлэлд хөрөнгө оруулалтын дэмжлэг хэрэгтэй байна гэв


Ерөнхий сайд Хэнтий аймгийн худалдаа үйлчилгээний "ХУРХ" захын үйл ажиллагаатай танилцаж, энд худалдаа эрхлэгч иргэдтэй биечлэн уулзлаа.

Хэрлэн суманд байрладаг тус худалдааны төв 1996 онд байгуулагдаж, 2005 онд их засвар хийжээ. Мөн 2007-2006 онд 195 м2 талбай бүхий агуулах, дайвар бүтээгдэхүүн, цагаан идээ худалдаалах танхим, мах эвдэж жижиглэх байр барьж ашиглалтад оруулсан байна. Ирэх онд 300 м2 талбайд нэмж захын өргөтгөл хийхээр төлөвлөжээ. Худалдааны төвийн одоо ашиглаж буй байр 1974 онд ахуйн үйлчилгээний зориулалтаар баригдсан барилга учраас стандартын дагуу шинэчилж өөрчлөх шаардлагатай, үүнийг зөвхөн өөрийн хөрөнгөөр хийхэд хүндрэлтэй байгаа  гэж захын удирдлага нь хэлж байв. Банкны зээлийн хүү өндөр байгаа нь ийнхүү орон нутаг, төсвөөс дэмжлэг хүсэх шалтгаан болж байгаа гэж тэрбээр тайлбарласан. Мөн дулааны хямд эх үүсвэрээр хангагдахад тодорхой дэмжлэг хэрэгтэй байгаагаа Ерөнхий сайдад дуулгав. Энэ худалдааны төв Өндөрхаан хотын хэмжээнд хамгийн хямд түрээстэй учир захын ашиг орлого нь томоохон хөрөнгө оруулалт хийх хэмжээнд хүрдэггүй, лангуу, талбайн түрээсийн төлбөрийг нэмбэл түрээслэгчдэд хүндрэлтэй байдаг тухай ч тэд учирлалаа.

Энд хүнс, бараа, эмийн сангийн үйлчилгээ үзүүлдэг 60 гаруй түрээслэгч ажиллан амьдралаа залгуулж байна. Түрээслэгчид 2,4-25 м2 талбай түрээсэлж, хүнсний худалдаа эрхлэгчид 30-40 мянга, бэлэн хувцас, барааны худалдаа эрхлэгчид 1м2 талбайд 12 мянган төгрөгийн түрээсийн төлбөр төлдөг аж.

Хэнтий аймгийн төвд задгай зах байдаггүй, ийм маягийн гурван томоохон худалдааны төв ажилладаг юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top