УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2012-11-07-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэй хамтран Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн биелэлтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. УИХ-ын даргын захирамжаар Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгын ажлын үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөн хариуцлагагүй байдлаас шалтгаалан хүний эрдэнэт амь эрсдэх, гэмтэх харамсалтай тохиолдлууд удаа дараа гарч байгаатай холбогдуулан барилгын салбарт дээрх хуулиудын биелэлтийг шалгах зорилгоор салбарын яам, мэргэжлийн хяналтын байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, дүгнэлт гаргаж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан билээ. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан танилцуулав.
А.Баярмаа
Шалгалтын хүрээнд Ажлын хэсгийнхэн УМХЕГ, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн ЗД-ын Тамгын газар, Улсын Мөрдөн байцаах газар, Монголын барилгачдын холбооны удирдлагуудтай уулзаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа зарим барилга, байгууламжийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна. Хяналт шалгалтад Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүргийн нийт 594 обьект, 782 ачаа өргөх байгууламж, 1892 аж ахуйн нэгж байгууллага, 1629 инженер техникийн ажилтан хамрагджээ. Шалгалтаар нийт 15382 зөрчил илрүүлж 3324 буюу 23,7 хувийг газар дээр нь арилгуулж, 2126 заалт бүхий 384 улсын байцаагчдын хамтарсан албан шаардлага, 78 улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, барилга угсралтын ажлыг зогсоох тухай 176 акт гарган хүргүүлж, зөрчил гаргасан 331 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд нийт 143,7 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулсан байна.
Сүүлийн үед барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа шаардлагын хэмжээнд бүрэн хангагдаагүйгээс зарим аж ахуйн нэгж, байгууллагууд дээр хүний амь эрсдсэн ослууд гарч 2012 оны эхний 9 сарын байдлаар 41 ослын улмаас 24 хүн нас барж, 19 хүн гэмтэж, бэртжээ. Түүнчлэн сүүлийн 3 жилийн ослын судалгаанаас осол гарсан шалтгаанаар нь авч үзвэл 50 хувь нь өндрөөс унасан, 15 хувь нь тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, өргөх, зөөх механизмын эвдрэл гэмтлээс, 12 хувь нь эд материалд цохиулсан, 6 хувь нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, 6 хувь нь өндөр хүчдэлд нэрвэгдсэн, 5 хувь нь аюулгүй ажиллах арга барилд хангалтгүй суралцсан, технологийн процесс зөрчсөн, 4 хувь нь нуралтаас, 2 хувь нь угаартсан шалтгаанаас осолдсон байна.
Ажлын хэсгийн дүгнэлтэд тулгуурлан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эдийн засгийн байнгын хороодын хамтран гаргасан санал дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаас тогтоол гаргаж цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэдэг саналыг Ажлын хэсгээс гаргажээ.
УИХ-ын гишүүн А.Бакей хэлэхдээ, “УМХЕГ гэж бүхэл бүтэн хяналтын газар байдаг. Энд яригдаж буй алдаа дутагдал хяналтын механизм байхгүй байснаас үүдэлтэй гэж үзэж байна. Өмнө нь гарч байсан осол эндэгдлүүд ч хяналт муу тавигдаж байсантай холбоотой” гээд, шалгалтын явцад хууль бус газрын зөвшөөрөл авч барилга барьсан тохиолдлууд байв уу, мөн тендерийг том компаниуд дамлан зардаг асуудалд хяналт тавьсан уу гэдгийг асуув.
Ж.Батзандан гишүүн өгсөн хариултдаа, “Мэргэжлийн хяналтын байгууллагынхантай бид уулзсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын хамар дор үүдэнд нь баригдаж байгаа барилга нь зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ дөч, тавин хувиар том баригдчихаад байхад мэдээгүй байх жишээтэй. Хүний аминд хүрээд байгаа олон барилгууд 70:40-ийн хэмжээнээсээ хэтэрчихээд байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагууд явцын дунд хяналтаа тавиад ажлаа хийгээд явсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтаа бүрэн хийж чадахгүй байгаа учраас хууль хэрэгжихгүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллагад тулгамдаж байгаа олон асуудал байгааг ойлгож байна. Гэхдээ удирдлага зохион байгуулалт, сэтгэл дутагдаж байгааг бид харсан шүү гэдгийг хэлье. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилга болгоны цаана авилга байгаа. Улс төр, бизнес хоёр холилдсон байна. Үүнийг зогсооно. Харин тендерийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах талаар Ажлын хэсгийн чиг үүрэгт тусгагдаагүй ” гэсэн тайлбарыг өгөв.
Сонгуулийн үеийг далимдуулж маш их хууль бус үйл ажиллагаа явагддаг гэж яригддаг. Хууль бус үйл ажиллагаа цаашдаа үндэсний аюулгүй байдалтай ч холбогдохыг үгүйсгэх аргагүй байгаа. Тухайлбал, Төв шуудангийн урд талд баригдаж байгаа 25 давхар “Эко констракшн”-ы барилга төрийн хамгаалалтын бүсэд, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалтайгаар баригдаж байна гэсэн мэдээлэл байгаа учраас үүнийг Тагнуулын ерөнхий газар болон АТГ-т шалгуулахаар Ажлын хэсэг ажиллуулах гэж байгаа. Мөн Мэргэжлийн хяналтын газар усны ундаргын газар дээр байшин бариулсан байх магадлалтай байгааг судалж үзнэ гэдгийг Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, “Ажлын хэсгийн дүгнэлт аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа руу чиглэх бус харин дураараа аашилсан албан тушаалтан, тухайлбал мэргэжлийн хяналтын байгууллага руу чиглэх ёстой байсан гэж үзэж байна. Зөвшөөрөл өгөгддөг, эцэст нь ямар ч албан тушаалтан хариуцлага хүлээдэггүй. Аж ахуйн нэгж маш их банкны зээл авдаг, ажилчдаа цалинжуулдаг. Гэтэл албан тушаалтан дээр хариуцлага ирэхгүй аж ахуйн нэгж дээр дарамт нь ирээд барилгын салбарынхан маш том уналтанд орж байна. Ингэснээр төр, бизнесийн байгууллагын хооронд том ангал үүсгэж байна” гэсэн шүүмжлэлийг хэллээ.
Эцэст нь Барилгын салбарт хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-ын тогтоолын хэмжээнд авч үзэх үү, эсвэл Байнгын хорооны тогтоолын хэмжээнд авч үзэх үү гэдэг дээр гишүүдийн байр суурь нэлээдгүй зөрөлдөөнтэй байсан юм. Ингээд хоёр Байнгын хорооны хамтарсан тогтоол гаргах нь зүйтэй гэсэн А.Бакей гишүүний горимын саналыг гишүүдийн олонхи дэмжээгүй тул Ажлын хэсгээс гаргасан УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр тогтлоо.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )