УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг гишүүнээс чөлөөллөө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

 

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Тэрбээр гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын нэгэнд өгсөн юм. Тэрбээр эхнэрээ асрах шаардлагатай тул гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга болон холбогдох мэргэжилтнүүдэд өгсөн. Чуулганы үеэр АН болон “Шударга ёс” эвслийн бүлэг У.Хүрэлсүхийг гишүүнээр үлдээх хүсэлтэй байгаагаа хэлж байлаа. Тухайлбал:

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: Нэгнийхээ зовлонгоор тоглож байгаа юм шиг гишүнээс татгалзуулах нь буруу. Тэгэхээр чөлөөг нь олгоод, гишүүнээр нь үлдээе.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: У.Хүрэлсүх гишүүнийг эхнэрийнхээ төлөө ийм зүйл хийж байгаад сэтгэл хөдлөж байна. Яг ийм үед найз нөхөд, хамт олны хувьд тусалж дэмждэг. Тэгэхээр бид яг ийм хүнд үед нь гишүүнээс чөлөөлөх нь цаашаа гэж байгаагаас ялгаа алга. Бид гишүүнд хангалттай чөлөөг нь өгөх хэрэгтэй гэв. Харин МАН-ынхны хувьд гишүүнээс чөлөөлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байв. Тухайлбал:

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Үнэхээр гачигдалтай байхад нь янаглан хорлож байгаа юм шиг гишүүнээс чөлөөлөхгүй байх нь буруу. Гэр бүлийн гишүүн нь өвдөж байхад Ц.Оюунгэрэл гишүүний хэлсэн үг таалагдахгүй байна. Өдөр шөнөгүй нэгнээ муулдаг ийм үед эхнэрүүд тэсэх нь ховор. Та нар үлдээх кнопп дараад, тэгээд МАН-ын харгис, АН-хан сайхан гэсэн яриа гаргана. Тиймээс нэгнээ хорлох ажиллагаа явуулахгүй байхыг хүсэж байна гэв.

Харин дундыг баримталж үг хэлсэн нь С.Эрдэнэ гишүүн байв.

Улмаар гишүүд саналаа хэлж дууссанаар санал хураалтыг нууцаар явуулсан юм. Улмаар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийг 58,3 хувийн саналаар гишүүнээс чөлөөллөө.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top