Ерөнхий сайд Н.Алтанхуяг төрөлх нутаг Увс аймгийн Малчин сумынхаа сурлага, авъяас, амжилтаараа үе тэнгийнхнээ манлайлсан таван оюутанд гэр бүлийнхээ нэрэмжит тэтгэлгийг жил бүр олгодог. Өнөөдөр гурав дахь удаагийн тэтгэлгээ гардууллаа. Ийнхүү Малчин сумаас нийслэлд суралцаж буй таван оюутан сургалтын төлбөрийн тэтгэлгийг Ерөнхий сайдаас гардан авсан юм.
Тэтгэлэг авах оюутны нэрсийг сумын захиргаанаас тодруулж өгдөг ба энэ жилийн тэтгэлгийг “Мандах” дээд сургуулийн оюутан П.Уянга, “Их засаг” их сургуулийн оюутан Д.Алтаншагай, “Улаанбаатар-Эрдэм Оюу” дээд сургуулийн оюутан С.Мягмарсүрэн, “Олимп” дээд сургуулийн оюутан Б.Хуягбаатар, МУБИС-ийн оюутан М.Үнэнбат нар авлаа. Тэд физик математик, хими байгалийн шинжлэл зэрэг хичээлээр аймаг бүсийн олимпиадад тэргүүлж, ардын урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилтаараа манлайлж байсан хүүхдүүд тул ийнхүү тэтгэлэгт шалгарчээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг шилдэг оюутнуудад тэтгэлэг гардуулан өгөхдөө “Хүн бүхэн хичээж хөдөлмөрлөвөл амжилт хүлээж байдаг. Тиймээс та бүхэн улам сайн суралцаж, өөр өөрсдийн авъяасаа хөгжүүлээрэй. Эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах, цаашилбал дэлхийн тавцнаа төрөлх нутгийнхаа нэрийг өргөн алдаршуулах бүтээлч иргэд болоорой” гэж ерөөлөө. Түүнчлэн, бүтээлч иргэн болсноор төрсөн нутаг төдийгүй эх орондоо хөдөлмөрч сэтгэлгээ түгээдгийг өөрийн гэр бүлийн эрхэлдэг чацарганын тариалангаараа жишээлэн ярьж, ийм хөдөлмөрийг орон нутагтаа үргэлжлүүлэн хөгжүүлэх үүргээ ухамсарлаж суралцахыг захилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )