Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад Ц.Нямдорж, С.Баярцогт, Д.Дэмбэрэл, Н.Батцэрэг, Д.Эрдэнэбат, Н.Энхболд нарын олон гишүүн үг хэлж, байр сууриа илэрхийлж байсан гэдгийг өнөөдрийн нэгдсэн хуралдаан дээр танилцуулга хийсэн УИХ-ын гишүүн М.Батчимэг хэлж байлаа.
УИХ-ын гишүүн М.Энхболд, өнгөрөгч долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанд санамсаргүй “унасан” санал хураалтыг эргэн харж үзэх талаар саналаа хэлсэн юм. Тэр нь “улс тунхагласны өдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг тэмдэглэх тухай” асуудал байв. Уг тэмдэглэлт өдрийг хэвээр үлдээх, гэхдээ амралтын өдөр байсныг цуцлах тухай “унасан саналыг босгох”-оор санал хураалтыг өнгөрөгч Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр 3/2-оор дахин явуулсан ч мөн л дэмжлэг аваагүй билээ. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр бас дахин яригдаж байгаа тул УИХ-ын дарга З.Энхболд ийм боломж байгаа эсэхийг тодруулж, УИХ-ын Тамгын газрын хуульчдад хандан хариулт өгөхийг хүссэн. УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар “дахин санал хураалт” байхгүй гэдэг хариулт ирсэн.
Өмнө нь яригдсан “Монгол бахархлын өдөр: арваннэгдүгээр сарын 14” гэснийг өөрчлөн, “Чингис хааны өдөр: Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” хэмээхээр болсныг УИХ-ын гишүүн М.Батчимэг байнгын хорооны санал дүгнэлт унших үеэрээ дуулгаж, УИХ-ын дарга зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулсан. Ингээд дэмжсэн гурван хүн, дэмжээгүй мөн гурван хүний үгийн дараа санал хураалт явуулахад 90,9 хувийн саналаар хуулийн төсөл батлагдаж, Их эзэн “Чингис хааны өдөр”-өөр бүх нийтээр амарч, тэмдэглэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 0 )