Их эзэн “Чингис хааны өдөр”-тэй болов

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд “Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн хийсэн.

Өмнө нь яригдаж байсан Монгол бахархлын өдөр буюу арваннэгдүгээр сарын 14 хэмээх ойлголт нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар хэрхэн томъёологдож байгааг /байнгын хороогоор хэлэлцсэн/ танилцуулга хийсэн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ тодорхой хэлж байв.

Дараа нь УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр нар санал, бодлоо хэлсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей гишүүдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгч байсан.  

Санаачлагч гишүүдийнхээр бол “өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн “Чингис хааны өдөр” гэх. Энэ өдөр нь өнөө жил арваннэгдүгээр сарын 14-нд тохиож байгаа юм байна. Цаашид “өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” нь яг л цагаан сар шиг нааш цаашаа сар орчмын  хэлбэлзэлтэй байх аж. “Чингис хаан” одонг мөн энэ өдөр олгож, урамшуулдаг байх юм байна.  

“Чингис хааны өдөр”-тэй байх, энэ нь Монголын бахархал. Энэхүү бахархалт, хүндэтгэлт өдрийг жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж байх тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу гишүүдээс санал хураалт явуулахад 88,2 хувиар тогтоолын төсөл батлагдсан  юм.

Өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдааны сүүлийн хэлэлцсэн асуудал нь “Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг байсан. Гишүүд уг тогтоолын төслийг 84 хувиар баталснаар үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top