Иргэн бүр төсөвт өөрийн дуу хоолойг нэмэх шаардлагатай

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

 

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө “Иргэн төв”-тэй бодлогыг үндсэн зарчмаа болгож төвлөрлийг сааруулах, шийдвэр гаргах бүхий л түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төлөөллийн ардчиллаас шууд ардчиллын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, төрийн бодлогод тусгах тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа билээ. Үүний нэг нь “Шууд ардчилал” хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд хоёр шаттай сургалт явуулсан. Тэгвэл өчигдрөөс эхлэн Монгол улсын бүх аймаг, сум суурин газарт “Шууд ардчилал” сургалтыг зохион байгуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд Дархан хотноо ЕТГ-ын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд, судлаач Б.Баттүвшин, Хөдөлмөрийн баатар гавъяат тамирчин Х.Цагаанбаатар, Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн, Аддиктологич Ж.Цогтсугар нар лекц уншив. Арга хэмжээний нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэлсэн юм.

Тухайлбал ЕТГ-ын дарга П.Цагаан: 

Шууд ардчиллын хамгийн чухал баталгаа нь иргэд өөрсдийн оршин суугаа газрынхаа төсвийг хянаж, байгаа суугаа газар бүртээ өөрсдийн оролцоотой төр засгийн шийдвэр гаргах боломжоос эхэлдэг. Тийм ч учраас ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Төсвийн шинэ хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө иргэд маань дээрх хуулийн дагуу ямар эрх боломжтой, мөн дээрх хуулийн онцлог, ач холбогдлыг мэдэж авах нь чухал юм. Тэгэхээр иргэн бүр өөрийн санаа бодлыг илэрхийлэх нь чухал гэдгийг онцлов.

Түүний дараа судлаач Б.Баттүвшин илтгэл тавив.

Тэрбээр “Иргэнгүй иргэний нийгэм, ардчилалгүй ардчилал гэж байхгүй. Тэгэхээр өнөөгийн нийгэмд иргэн та болон иргэний нийгэм нь үнэт зүйл юм. Бид эв санааны нэгдэлтэй, иргэний зориг гаргаж, иргэний ухамсраа ухамсарлах хэрэгтэй. Өнөөдөр бид дээр дурьдсан гурван зүйлийг мартсан гэж хэлж болохоор байна. Тэгэхээр нийтийн эрх ашиг, улс орныхоо хөгжлийн төлөө дуугарч, иргэний үүргээ биелүүлэн, нийтэч байхад л хангалттай” гэдгийг илтгэлдээ онцлов.

Харин Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн, Аддиктологич Ж.Цогтсугар үзэгчдэд танин мэдэхүйн мэдээлэл олгож, архи тамхины хор уршиг, түүнээс татгалзсанаар өөрийгөө хэрхэн хөгжүүлж, ашигтай ажиллаж болохыг тоо баримтаар баталлаа.

Тухайлбал “Хүний тархи 1,5 кг жинтэй бөгөөд иргэн таныг нэг удаа архи уухад 15,000-20,000 эс эргэж нөхөгдөхгүйгээр үхдэг байна. Өнөөдөр Монгол улсын хүн амын 27 хувь нь шууд архины хамааралтай байгаа. Өөрөөр хэлбэл нийт хүн амын 6 хувь нь архины хамааралтай бол үндэсний аюулгүй байдал алдагдаж байгаа хэрэг юм. Тэгвэл манай улсын архичдын 22 хувь нь эрэгтэй, үлдсэн 6 хувь нь эмэгтэйчүүд. Хэрвээ архичид өөрийн ухамсар, мэдлэг, бодол сэтгэхгүйгээ ашиглавал архинаас гарахад бэрхшээлгүй. Өнөөдөр надад хандаж архинаас гарсан 3000 залуу байна. Тэдгээрийн амьдрал ахуй өнөөдөр дээшилж байгаа” гэв.  

Түүний дараа хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар эрүүл чийрэг байхыг бүх нийтэд уриаллаа. 

Тодруулбал “Спирт гэж үгний эгшгийг О үсгээр солиод хичээллэж эхэлбэл бид эрүүл чийрэг байна. Хэрвээ хүн эрүүл чийрэг байвал эрүүл сэтгэж, амжилтанд хүрэх боломжтой. Би бага байхдаа байнга гүйдэг байсан. Энэ нь намайг спортод сонирхолтой болгосон. Спорт хүнийг тэвчээртэй, дайчин, хамгийн гол нь ёс суртахуунтай болгодог”  гэв.

Харин Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд:

Ардчиллын эхний давалгаа 22 жилийн өмнө хийгдсэн. Тэгвэл ардчиллын хоёр дахь давалгаа нь шууд ардчилал. Тиймээс иргэн бүр өөрийн хувьд заяаг шийдэхийн төлөө дуу хоолойгоо өргөх ёстой гэдгийг онцолж байв.

Энэ удаагийн нээлттэй ярилцлагад Дарханчууд олноороо оролцсон бөгөөд тэдэнд эрч хүчтэй залуусын мэдлэг мэдээлэл олгосон дээрх лекцүүд ихээхэн таалагдсан юм. Дарханчуудын хувьд нутгийнхаа залуусаар бахархах сэтгэл төрж байснаа энэ үеэр хэлж байлаа. Мөн төр засгийн үйл ажиллагаанд хэрхэн өөрийнхөө дуу хоолойг хүргэх, төсвийн талаарх мэдээ мэдээллийг хаанаас авах талаар голлон сонирхож байлаа.

Үүний дараа “Шууд ардчилал” үндэсний сургалтанд суусан сургагч багш нарт гэрчилгээг нь гардуулан өгснөөр энэ удаагийн арга хэмжээ өндөрлөсөн юм.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top