Үүний дараа Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо энэ сарын 6-ны өдрийн хуралдаанаараа хийж, дэмжсэн талаарх байнгын хорооны танилцуулгыг тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд уншиж, танилцууллаа.
Тэрээр, чуулганы хуралдаанаар уг төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсвийн орлого, зарлагын үзүүлэлт болон хөрөнгө орлогын хавсралтад суулган зохих тооцооллыг хийсэн тухай мэдэгдээд, зарим орлого, тухайлбал, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа сэлбэг, түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай зэрэг хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татсан тул төсвийн орлого талд тусгагдсан гаалийн албан татварын 3.0 тэрбум төгрөг, импортын барааны НӨАТ-ын 6.3 тэрбум төгрөг буюу нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос бууруулж тооцсон.
Мөн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг өөрчлөн найруулж байгаатай холбогдуулан багш нарын тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхэд 10.4 тэрбум төгрөг, “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, урамшуулал олгох” журамд нэмэлт, өөрчлөлт оруулж нэмэгдэл болон урамшууллыг давхардуулан олгохгүй байхаар тооцоход 16.3 тэрбум төгрөг, Боловсролын салбарын багш нарт олгодог хөдөө орон нутгийн тэтгэмжийн зардлыг нэмэгдүүлэхэд 2.5 тэрбум төгрөг, Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахад шаардагдах иргэний бүртгэлийн болон хамгаалалтын зардалд 3.2 тэрбум төгрөгийг нэмэх болон бусад саналын дагуу өөрчлөлтүүдийг тусгажээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үед дэмжигдсэн саналуудын дагуу төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 131,0 тэрбум төгрөгийг нэмэгдүүлж, харин хөрөнгө оруулалтын зардлыг 58,4 тэрбум төгрөгөөр бууруулж, гадаад зээлийн хөрөнгө оруулалтын зардлаас 74,8 тэрбум төгрөгийн зардлыг бууруулж тусгасан байна.
Ийнхүү дээрх өөрчлөлтүүдийг тусгахад Нэгдсэн төсвийн урсгал зардал 35.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал 2.7 тэрбум төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээл 37.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч Нэгдсэн төсвийн нийт зарлага 4.6 тэрбум төгрөгөөр буурахаар байна. Энэ нь Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хууль болон төсвийн тусгай шаардлагуудыг хангахаар байна гэв.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Өмнө нь нэг хүнд ногдох ДНБ-ийг цалингийн доод хэмжээтэй уялдуулан зорилт дэвшүүлэн ажиллаж байсан. Цалин, тэтгэвэрийг нэмэхгүй царцаах бодлого барьж байгаа гэж ойлгож болох уу? Манай улсын цалингийн доод хэмжээ дундаж орны жишигтэй харьцуулахад доогуур. Өнгөрсөн жил 3,6 орчим их наяд төгрөгийг батлаж байхдаа бид цалин хөлсийг нэмж болж байсан. Гэтэл одоо 7 орчим их наяд төгрөгийн төсөв хэлэлцэгдэж байхад цалин, тэтгэвэрийг нэмэх тал дээр асуудал яригдахгүй байна. 140 гаруй төрийн албан хаагч байгаа. Тэдгээрийн цалин дунджаар 600-700 мянган төгрөг, тэтгэвэрийн доод хэмжээ 100-120 мянга байгаа. Энэ талаар байнгын хороон дээр яригдсан зүйл байна уу, юмны үнийг барина, тогтооно гээд байгаа ч биднээс хамаарахгүй гадаадаас үүдэлтэй үнийн өсөлт гарч байна шүү дээ хэмээн асуусан. Энэ асуултанд Ерөний сайд Н.Алтанхуяг, Цалингийн нэмэгдэл нэрээр үнийн өсөлтийг хөөргөх бодлого барихгүй. Үнэндээ цалин, тэтгэвэрийн өсөлт иргэдийн бус цөөн хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүний бизнесийг дэмжиж байна. Нефть импортолдог компаниудын тухайд бүгд үнэ өсгөхгүй байгаа. Бензиний хомсдол, үнийн өсөлтийг эдийн засгийн гэхээсээ илүүтэй улс төрийн агуулгатай байна гэж харж байна. Хариуцлага тооцно хэмээн хариулсан. Ачилтанд байгаа түлшийг оруулаад АИ92 бензин 44 хоногийн, дизель түлш 12 хоногийн нөөцтэй байгаа. Манай улс дэлхийн худалдааны орнуудын гишүүн ч бусадтай харьцуулбал 300 орчим долларын өндөр үнээр түлш худалдан авч байгаа. Нефтийн татварыг тэглэсэн ч үр дүн гарахгүй байна. Энэ нь хяналт, хариуцлагын тогтолцоо алдагдсныг харуулж байгаа талаар УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг тайлбарлалаа.
Харин УИХ-ынгишүүн С.Дэмбэрэл, Төсвийн тухай хуулийн төсөл нь төсвийн тусгай шаардалгуудыг хангалаа гэлээ. Ямар шаардлага вэ гэдгийг тодрууллаа. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7,088,3 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 40,2 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага өрөгн барьсан төслөөс 4,6 тэрбум төгрөгөөр буурч 7,444,6 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 42,2 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцэл 356,3 тэрбум төгрөгт буюу ДНБ-ийн 2 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хууль болон төсвийн тусгай шаардлагуудыг хангахаар байгаа аж. Тиймээс ирэх оны төсвийг бүсээ чангалах бус эдийн засгаа тогтвортой авч үлдэх бодлого барихаа дурьдав.
Үүгээр Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг дуусч дөрөв дэх хэлэлцүүлэг эхэлсэн юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )