Х.Тэмүүжин сайд Х.Бат-Ялалтын урилгад хариу өгөөгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 10

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага, ИЗНН дэд дарга Х.Бат-Ялалтын зүгээс хэдхэн хоногийн өмнө хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зүйн салбарын шинэчлэлийн асуудлаар мэтгэлцээнд урьж байгаагаа илэрхийлж байсан. Тэгвэл одоог хүртэл Х.Тэмүүжин сайд түүнд ямар нэг хариу өгөөгүй байгаа тухай өчигдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ. Х.Бат-Ялалт хэлэхдээ “Энэ бол хувь хүмүүсийн хоорондын мэтгэлцээн биш. Харин зайлшгүй хэрэгтэй үзэл бодлын зөрчлийг нэгтгэх зорилготой мэтгэлцээн юм” гэв.

ИЗНН-ын дэд дарга Х.Бат-Ялалт нь 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөнөөсөө хойш хууль зүйн салбарт хүчин зүтгэж байгаа ажээ. Тэрээр хууль зүйн салбарын шинэчлэл амьдралаас хол байгааг илэрхийлэхийн зэрэгцээ үүнтэй холбогдуулан ирэх сарын 8-нд “Хуульчдын зөвлөгөөн-3” хууль зүйн шинэчлэлийн бодлогын талаар дөрвөн талт уулзалт зохион байгуулахаар болсон тухай мэдэгдсэн юм. Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус холбогдох албан тушаалтнуудад урилга хүргүүлээд байгаа бөгөөд 400 орчим хүн оролцох боломжтой юм байна. Тухайлбал,  улстөрд ажиллаж байгаа хуульчид, хууль тогтоох байгууллага буюу УИХ-ын гишүүд, онол арга зүйн буюу хуульч багш эрдэмтэд, практикт ажиллаж хөдөлмөрлөж байдаг хууль зүйн салбарт холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдийг хамрахаар төлөвлөөд байгаа аж. Зөвлөгөөн хууль зүйн салбарт шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгаа эсэх, яагаад шинэчлэлийн талаар ярих болсон тухай, ямар шинэчлэл хийх ёстой, зөвлөгөөний үр дүнд шинэчлэлийн ажлын хэсэг байгуулах тухай зэрэг сэдвийн хүрээнд өрнөх ажээ. Энэхүү зөвлөгөөн “алдаатай системийг яаж өөрчлөх вэ” гэдэгт төвлөрч зохион байгуулагдсаар байгааг тэрээр хэвлэлийн хурлын үеэр онцлоод байв. Мөн тус ТББ таван жил гаруй тэмцэлдсэний дүнд албан ёсны хуулийн хүрээнд бүртгэлтэй ТББ болсоноо мэдэгдээд байсан юм. Гэхдээ үүнийг талбарлахдаа “Энэ бол зөвхөн гэрчилгээний төлөөх тэмцэл биш байсан юм. Төрийн эрх барьж байгаа албан хаагчид хууль тогтоомжийг зөрчдөг гэдгийг нь нотлох л гэдэг урт хугацааны тэмцлийн үр дүн гарлаа гэж ойлгож болно” гэсэн юм.

“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллага байгуулагдсан цагаасаа төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж хэлмэгдсэн 10 мянга гаруй өргөдлийг хүлээн авч зөвлөгөө өгөх, зарим байцаан шийтгэх ажиллагаанд оролцож,  гэмгүй шийтгэгдсэн хүнийг цагаатгах, ял завшиж яваа этгээдэд ял шийтгэлийг оногдуулах гэх мэт хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө ажилласан байдаг байна.  

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top