Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ 7 хоногийн эхний өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажилласан. Засгийн газрын хуралдаанаар тус аймгуудын иргэд, байгууллагаас тавьсан санал хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, баталлаа. Тодруулбал Дорнод аймагт газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож, “Тосон-Уул” XIX талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмж тусгах ажлыг үргэлжлүүлэхийг Уул, уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болгожээ. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах хэмжилтийн цэгийг тогтоож, Газрын тосны газар, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нэгдсэн ойлголтод хүрсний дараа “Тосон-Уул” XIX, Тамсаг-XXI ашиглалтын талбайн зөвшөөрлийг олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар болов. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны үйл ажиллагаанд шаардлагатай ажилчдыг орон нутгаас хангах, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Монгол ажилчдын цалинг 2013 оны 1 дүгээр сараас нэмэгдүүлэх, 2012 оны 11, 12 дугаар сарын цалингийн нэмэгдлийг нөхөж олгуулахаар шийдвэрлэлээ.
Өндөрхөөн-Чойбалсан чиглэлийн 287 км замыг 2013 онд, Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийг холбосон 177,9 км хатуу хучилттай замыг 2014 онд ашиглалтад оруулах, Баруун-Урт-Эрдэнэцагаан-Бичигтийн боомттой холбосон 290 км хатуу хучилттай авто замын зураг төслийг 2013 онд боловсруулж дуусгахыг Зам тээврийн сайд А.Гансүхэд үүрэг болголоо. Хэнтий аймгийн хувьд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлын байдлыг судлан холбогдох асуудлыг шийдвэрлэж, “Чингис хааны цогцолбор”-ын төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов. Мөн төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчид, борлуулагчдын агуулах, зоорьны асуудлыг судалж, шийдвэрлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Товч мэдээ
- Монгол Улсын Ардын жүжигчин Дэндэвийн Чимид-Осорын мэндэлсний 100 жилийн ойг 2012 оны 12 дугаар сард тэмдэглэхээр боллоо. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн болон ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, арга хэмжээг 2012 оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгав.
- “Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Дотоодын цэрэг, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрыг төлөөлөн Жандармерийн ерөнхий командлал хоорондын Бэлтгэл, сургалтын хамтын ажиллагааны протокол”-ын төслийг зарчмын хувьд дэмжиж, гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
- 2012 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Лаосын Засгийн газар хоорондын комиссын 9 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрч, тус бүрэлдэхүүнийг батлахыг Эрүүл мэндийн сайд, комиссын Монголын хэсгийн дарга Н.Удвалд даалгав.
- Тамхины хяналтын тухай хуулийн 10.6, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас Эрүүл мэндийг дэмжих сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэмд өөрчлөлт оруулсан байна.
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийг хийж байгаа бөгөөд агентлагийн орон тооны бус гишүүд ажил байдлын улмаас өөр ажилд шилжсэн, томилогдсонтой холбоотойгоор тус газрын орон тооны бус гишүүдийг шинээр томилов. Орон тооны бус гишүүнээр Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Үйлдвэр, хөдөө аж ахуй яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, Уул уурхайн яамны Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга А.Нэргүй, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Амарбаяр нар томилогджээ.
- Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Хүрэлбаатарын Ганцогтыг томиллоо. Тэрээр тус яамны газрын даргаар ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )