Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачлагаар иргэд, олон нийтийн эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлуудыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчдийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхжүүлэх зорилгоор “Ард түмэн Та-Хаан” хэрэглэгчдийн форумын хоёрдугаар үе шат Төрийн ордоны Их танхимд болж өнгөрлөө.
Уг арга хэмжээ нь цаг үеэ олсон хамгийн чухал форум болж байна, бид ард түмнийхээ санал бодлыг сонсож байгаагүйгээс амьдралаас тасарсан байсан юм. Харин Д.Тэрбишдагва сайд энэ асуудлыг ажил хэрэг болгож, ард түмнийхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх болсон нь нүдээ олсон хэрэг боллоо гэж Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ихэд сайшаан дэмжсэн юм.
“Ард түмэн Та хаан” форумын эхний үе шатууд нь нийслэл хотын зургаан дүүрэгт эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орон сууц барилгын салбар сэдвийн дор үргэлжилсэн бөгөөд тухай бүр иргэдийн санал бодлыг хүлээн авч байсан билээ.
Харин хоёрдугаар үе шатны үеэр иргэд, хэрэглэгчдийн санал хүсэлтийг Төрийн ордны Их танхим, нийслэлийн Баянгол дүүрэг болон Улсын их дэлгүүрийн урд талбайгаас МҮОНТ, ТВ9, ETV телевизийн станцаар шууд дамжуулан МХЕГ, ШӨХТГ, Стандартчлал хэмжилзүйн газар, ОБЕГ-ын удирдлагууд болон Шадар сайд Д.Тэрбишдагва нар асуултанд хариулж байсан юм.
Уг форумын үеэр иргэд, хэрэглэгчдийн эрх ашиг ямар салбарт илүү ихээр хөндөгдөж, эрүүл аюулгүй амьдрах нөхцлөөр хангагдаж байгаа эсэх, төрийн байгууллагын үйл ажиллагаа ямар төвшинд байгаа талаар иргэд, олон нийт өөрсдийн санал бодлоо чөлөөтэй ярилцаж, цаашид ямар арга хэмжээ авах талаар харилцан мэдээллээ солилцож, иргэдийн санал бодлыг төрийн бодлогод тусгахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )