Б.Бадраа: Говийн ус ширгээд дууслаа

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 10

Хөдөөнөөс хот руу ирэх их нүүдлийг багасгаж, аймаг сумдыг хөгжүүлнэ гэж Засгийн газраас ярьж байгаа. Энэ ч утгаараа аймагт явуулах чиглэл арга хэмжээний талаар ярилцахаар “Орон нутгийн хөгжлийн сан, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт уулзалт зохион байгуулж байгаа юм. Уг уулзалтаар аймаг, дүүргийн Засаг дарга нартай салбарын сайдууд болон Ерөнхийлөгч уулзаж ярилцаж байгаа юм. Энэ үеэр хот руу ирэх хүн амын их нүүдлийн нэлээд хэсгийг төвлөрүүлж,олон хүнийг ажлын байраар хангаж байдаг уул уурхайн өлгий нутаг болох Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраатай уулзаж, говийн нутгийн тулгамдсан асуудлаар ярилцлаа.

-Өмнөговь аймгаар сонин юу байна?

-Өмнөговьчууд  хот руу нүүдэггүй. Өмнөговьчууд Өмнөговьдоо л амьдардаг. Харин ч бүр гадаадад, хотод амьдарч байгаа хүмүүс  ирж байна. Манайх руу нүүдэг их нүүдэл нэгэнт бий болчихлоо. Том том төслүүд хэрэгжиж байна. Ингэснээрээ уул уурхай их эрчимтэй хөгжиж байна. Суурин хүн ам нь 56 мянгатай байсан аймаг өнөөдөр хөдөлгөөнт хүн амтайгаа 100 гаруй мянга болчихлоо. Ингээд ирэхлээр чинь тэнд ажил бүтээн байгуулалт ундарна биз дээ. Амьдрал цэцэглэж байна. Манайхан Улаанбаатар руу яваагүй. Орон нутагтаа сайхан амьдарцгааж байна.

-Хүн ам олширох тусам тулгамдсан асуудлууд үүсдэг. Танай аймагт  зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудал юу байна?

-Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хэрэгтэй. Сайн сайхан амьдрах хамгийн гол зүйл бол эрүүл мэнд. Тиймээс эрүүл мэндийн салбар нь олон улсын жишигт нийцсэн байх ёстой. Мөн боловсролын салбар олон улсын стандартад нийцсэн байх учиртай. Бид дэд бүтцийнхээ асуудлыг бүрэн шийдмээр байна. Мөн нийгмийн асуудал орон сууцыг шийдэх хэрэгтэй байна. Тэр дундаас хамгийн тулгамдаж буй асуудал байгаль орчин.

Уул уурхайн хөгжлийн явцад эргээд сөрөг байдал үүсч ноцтой аюул тулгарсан. Усгүй боллоо. Усны төлөө олон ажлуудыг маш хурдтай зоригтой хийх хэрэгтэй. Мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлье. Орон сууцанд орж чадахыг нь оруулаад боломжгүйд нь гэр хороолол руу дэд бүтцийг нь шийдээд холбоод өгье. Тэгэхээр тэнд ажиллах амьдрах таатай орчин бие болно.

-Зөвхөн уул уурхайгаа дагаад хөгжөөд байхгүй өөр салбаруудаар давхар хөгжих хэрэгтэй байх. Уул уурхай чинь шавхагддаг баялаг шүү дээ?

-Манай аймаг уул уурхайгаар цаашид хөгжих ньтодорхой. Өөрөөр хэлбэл аймгийнхаа орлогын 80 орчим хувийг уул уурхайгаасаа бүрдүүлж байна. Тэгэхээр энэ эдийн засгийн гол салбар бол яах аргагүй уул уурхай мөн байна. Мөн аялал жуулчлал уламжлалт мал аж ахуй гэсэн зүйлээр  хөгжиж болно.

Тэгэхдээ цаашдаа бол уламжлалт мал аж ахуй аялал жуулчлал бидний ирээдүй болно. Уул уурхай гэдэг бол мөнхийн юм биш юм. Тэгэхээр байгаль орчноо хамгаалъя. Аль аль бүсэд яаж хөгжүүлэх үү гэдгийг л зааж өгөх хэрэгтэй байна. Нэгдсэн нэг зохион байгуулалтад оруулчих хэрэгтэй.

Үүн дээр төр засаг болон орон нутгийн удирдлагууд анхааралтай ажиллах ёстой. Монгол улсын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой том том төслүүд хэрэгжиж байгаа учраас Өмнөговь аймгийн байгаль орчныг хамгаалах асуудал дээр  засгийн газар онцгой ач холбогдол өгч онцгой их анхаарах ёстой. Гэтэл анхаарахгүй л байна.

-Олборлолт явуулчихаад байгаль орчныг нөхөн сэргээж байна уу?

-Яах вэ, тухайн компаниуд төлөвлөгөөнийхөө дагуу нөхөн сэргээлт хийдэг л юм. Гэхдээ тэр нь шаардлага хангахгүй байна. Төр засгаас ч байгаль орчинд анхаарахгүй байна. Нүүрс ухаж, цааш нь хилээр гаргаад эдийн засагт мөнгө оруулах гэсэн ганцхан зорилготой болохоос биш тэндэхийн байгаль яаж сүйдэж байгаа гэдгийг ойлгохыг ч хүсэхгүй байх шиг байна. Нөхөн сэргээлт гэдэг зүйл үнэхээр хангалтгүй байгаа.

-Ус их ховордож байгаа. Энэ асуудлыг яаж шийдэх ёстой юм?

-Говьд ус гэдэг бол үнэхээр чандмань эрдэнэ. Ус шиг чухал юм алга усны хомсдолд орж байна. Ийм байдал тэр дэлхийн дулаарал хуурайшилтад нөлөөлж байгаа шүү дээ. Худаг ус, гол ширгээд байна гэж яриад байгаа. Тэгсэн хэрнээ том том төсөл хэрэгжүүлж байна.

Энэ жил 450 мгв дулааны цахилгаан станц барина. Энэ бүгд чинь гүний усыг маш их хэмжээгээр хэргэлдэг. Ус хэрэглэхгүй төсөл гэж байхгүй. Говийн ус  багасаад, ширгэх нь ширгээд дуусч байна. Цөлжилтийн эсрэг ямар арга хэмжээ авах вэ гэж манай аймгийн хөдөө хээр засгийн газрын хурал хүртэл хийж л байсан.

Тэгээд шийдсэн юм алга. Эхлээд усныхаа асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Орхон, Хэрлэнгийн төслийг хэрэгжүүлээд л устай газраасаа ус татчих хэрэгтэй ш дээ. Зарим голын урсгал Хятад руу зарим нь Орос руу урсаад гараад явчихаж байгаа. Нэг нөхөр нь болохоор энэ манай нутгийн ус гээд явуулахгүй байж болохгүй.

Усаа татаж байж тэр том төслүүдийг чинь хэрэгжүүлэхгүй бол яах юм. Манайд ус байхгүй бол манай говь чинь одоо цөлжөөд болохоо байлаа. Энэ төслийг чинь зогсооё гэвэл монгол улс яаж хөгжих юм. Улс эх орноо хөгжүүлэх том юм хийж байгаа бол Монгол даяараа л ярьж,хичээж хаа хаанаа анхаарч байж хөгжинө биз дээ.

Тэр хангайд  байгаа усыг говь руу нь татаж байж хийнэ үү гэхээс биш манайх усаа өгөхгүй гэвэл болохгүй. Эргээд эдийн засагт орж ирж байгаа хэдэн төгрөгийг нь болохоор хүртчихээд нутгархаг сонин үзэл бодолтой байж болохгүй. Үүнийг зохицуулж байгаа зохицуулалт маш тааруу. Үүн дээр анхаарч байж улсынхаа эдийн засагт ач холбогдолтой том том төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ийм ийм тулгамдсан асуудал байна. Ингэж ингэж шийдэж явья гэдэг юм хийхгүй бол хэцүү болж байна шүү.

-Ханбогдын Засаг даргатай уулзахад хүн бол маш олноороо ирж ажлын байр бий болж байна. Гэхдээ яг манай сумын уугуул иргэд ажлын байраар хангагдсан юм алга. Ажилгүй иргэд ч олон л байна гэж байсан. Мөн үүнийгээ дагаад хүн ам олон болсон болохоор цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хүрэлцээгүй, цэцэрлэгт явдаггүй олон хүүхэд байдаг гэж байсан?

-Хүн амын нягтрашил их үүсч байна. Нэг сумын эмнэлэг гэдэг чинь 2-3  мянга хүнд л үйлчлэх зориулалтай баригдсан жижигхэн барилга байдаг. Нэг суманд 10 ортой гэдэг ч юм уу. Гэтэл Цогтцэций сум гэхэд л хөдөлгөөнт хүн амтайгаа 10 мянга болчихоод байна.

Гэтэл гурван мянган хүнд үйлчилдэг байсан эмнэлэг чинь яаж 10 мянган хүнд үйлчлэх вэ. Тэгээд тухайн эмнэлэг сургуулийн хүчин чадлыг хоёр гурав дахин нэмэгдүүлэх ажил хийгдэхгүй байгаа.Том том төсөл хэрэгжүүлээд байдаг. Тэгсэн мөртлөө тулгамдаад байгаа асуудлыг шийддэгүй. Цэцэрлэг суургуулийг ерөөсөө өргөтгөхгүй байна.

Ингээд байхаар чинь мэдээж ш дээ. Аргаа барахдаа  манай аймаг өнгөрсөн жил орон нутгийнхаа төсвөөс 640 хүүхдийн цэцэрлдэг, 1400 хүүхдийн сургууль барьж байна. Сургууль цэцэрлэг гэдэг чинь төсвөөс шийдэх ёстой байгууллага. Томоохон төсөл хэрэгжүүлээд байгаа бол тэр төсөл хэрэгжүүлж байгаа газраа орхилгүйгээр авч явах хэрэгтэй.

Тэр хэмжээнээс гарч байгаа ашгынхаа багахан хувийг тухайн нутаг оронд нь зарцуулах хэрэгтэй. Хүн олон очиж байгаа нь үнэн ажлын байр бий болж байгаа нь үнэн. Монголчууд ч бүгдээрээ л амьдрах гэж байгаа хаанахын хэн тэнд очиж суучихаад байгаа нь сонин биш.

Тэр иргэддээ үйлчлэх үйлчилгээг ойртуулаад, томруулахыг нь томруулаад хийх ёстой. Нутгийн иргэдийг ажлын байраар хангах биш. Дандаа гадны аймгийн хүн очоод байна гэдэг яриа гарсаар л байдаг юм. Тэгэхээр бид мэргэжилтэй ажилтан бэлтгэх л шаардлагатай байна. Бүх хүн их дээд сургууль төгсөөд явахдаа сонин биш. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг өргөтгөөд тэнд мэргэжилтэй ажилтан олноор нь бэлтгэхгүй бол мэргэжилгүй улсууд манаач, цэвэрлэгч гээд хэдхэн ажлыг л хийж байгаа юм чинь.

Том тэрэг барих, техник ажлуулах бусад юм хийе гэхээр мэргэжил дутаад байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь гаднаас мэргэжилтэй тэр ажлыг хийж чаддаг хүмүүс нь ирээд хийлгүй яах юм. Нэн тэргүүний ажил мэргэжилтэй ажилтан бэлтгэх шаардлагатай байна. Аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг өргөтгөнө гээд Оюу толгойгоос нэг төсөл хийж байна. Тэр нь явц муутай л байна.

-Сургууль цэцэрлэгийн асуудлыг Засгийн газарт хэлж ярьж байгаа юу?

Ярилгүй яах  вэ. Энэ эмнэлгийнхээ асуудлыг шийдлээд өгөөч сургуулийн өртгөтгөл хиймээр байна. Гээд холбогдох газруудад нь хэлээд  яриад л байна. Асуудал тэгээд шийдэгдэхгүй л байна ш дээ.

Н.Ганчимэг

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nergui(103.26.194.74) 2014 оны 01 сарын 10

Ene hun chine hotod amidardag shdee

0  |  0
Zochin(103.26.194.112) 2014 оны 01 сарын 10

Yamar bileggui amtai zolig ve.

0  |  0
Top