Ч.Сайханбилэгийн сайхан амлалтуудаар дүүрэн “шийдлийн” Засгийн газар удахгүй байгуулагдана. Шинэ Засаг байгуулагдах бүрт намууд “бялуу”-гаа хуваах гэж юу болдогийг бид мэднэ. Одоо ингээд л харахад МАН-ынхан “Ард иргэдээ бодвол засагт орно, намаа бодвол засагт орохгүй” гэх хөөрхөн мессеж нисгэсээр байгаад нэгдэхээр боллоо. Харин ийм шийд гармагц “гэрээгээ зөрчлөө” гэж гомдолж байсан “Шударга ёс” эвслийнхэн ч орон зайгаа алдахгүйн тулд шууд л зөвшөөрч орхив. Ингээд парламентын гадна ч дотно ч МАНАН-гийн эсрэг дуугарах хүчтэй сөрөг хүчин байхгүй болчихлоо. Бие даагч гишүүд сөрөг хүчин болж ажиллана гэж мэдэгдсэн ч “гартаа зэвсэггүй” тэд акулуудын дэргэд хүчин мөхөсдөх нь тодорхой. С.Ганбаатар гишүүн Оюутолгойгоо, Ц.Даваасүрэн гишүүн төсвөө, Х.Болорчулуун гишүүн газрын тосоо ярисаар энэ парламентийн хугацаа дуусах биз. Харин парламентад суудалгүй, жижиг намууд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын эсрэг сүүдрийн Засгийн газар байгуулна гэж дуугарч эхэлсэн нь чихэнд содон сонсогдлоо. Манайд хамгийн анх 2004 онд Иргэний зориг, Ногоон нам сүүдрийн Засгийн газар байгуулж байсан түүх бий. Тэд хүчтэй дуугарсан ч хүчтэй хөдөлж чадаагүй. Түүнээс хойш өнгөрсөн жил МАН-ынхан сүүдрийн Засгийн газар байгуулна гэж “том” дуугараад сураггүй болсон. Тэдний хоёрдогч Засгийн газар байгуулах санаархал Г.Занданшатартай хамт нисэн одсон юм.
Үүнээс үзэхэд Монголд хүчтэй сүүдрийн Засгийн газар гэж байсангүй. Уг нь олон улсын жишгээр, тухайлбал Англид сөрөг хүчний хамгийн том намын дарга нь сүүдрийн Засгийн газрын Ерөнхий сайд болдог. Мөн тус намаас парламентад сонгогдсон гишүүдээс бусад сайд нараа бүрдүүлдэг байна. Сонгуулиар сөрөг хүчин ялсан тохиолдолд сүүдрийн засгийн газрын гишүүдийн ихэнх нь албан ёсны Засгийн газрын харгалзах албан тушаалд томилогддог. Сүүдрийн Засгийн газар улстөржилт биш бодлого ярьдаг юм. Тэд бас олон нийтэд дуу хоолойгоо хүргэх, нөлөөлөх хүчтэй, хөрөнгөтэй. Англид хоёрдогч Засгийн газарт зориулан төсөв баталж, бодлого боловсруулах өрөө гаргаж өгдөг байна.
Гэтэл манай нэр нь дуулдаж эхэлсэн Сүүдрийн Засгийн газарт эдгээр шинжүүд байхгүй. Монголын Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Нам, Хамаг Монгол Хөдөлмөрийн Нам, Бүгд Найрамдах Нам, Уламжлалын Нэгдсэн Нам сүүдрийн засаг байгуулахаар аль хэдийн салбараа хувааж авчээ.
- Монголын Ногоон Нам- Байгаль орчныг хамгаалах, Аудит болон мэргэжлийн хяналт, соёл урлаг болон спортын салбар.
- Иргэний Хөдөлгөөний Нам- Нийгмийн хамгаалал хөдөлмөр, Эдийн засаг, Гадаад харилцаа, Эрүүл мэнд.
- Хамаг Монгол Хөдөлмөрийн Нам- Эрчим хүч, Уул уурхай, Дэд бүтэц.
- Бүгд Найрамдах Нам- Үйлдвэр, худалдаа, Хөдөө аж ахуй.
- Уламжлалын Нэгдсэн Нам- Батлан хамгаалах, Хууль эрх зүй.
Тэд парламентад суудалтай сөрөг хүчин биш. Хоёрт, бодлого, байр сууриа олон нийтэд таниулах хөрөнгө алга. МАН, АН уналаа гэж сайхан мөрөөдөхөд Ерөнхий сайд болох лидер ч алга. Нэг үгээр хэлбэл тэд мөрөөдөж байна.
МАН-ынхан дангаараа хамтрахын тулд “Шударга ёс” эвсэл, ИЗНН-д сайдын суудал өгөхгүй гэж Засгийн газрын бүтцийг цомхон байлгахаар зүтгэж эхэлсэн. Хэрэв тэгж чадвал манай парламент арай дөнгүүр сөрөг хүчинтэй болж магад. Үгүй бол бие даагч гишүүдийн хүчгүй сөрөг хүчин, парламентад суудалгүй жижиг намуудын хөрөнгөгүй сүүдрийн Засгийн газартай болох нь. Жижиг намууд, бие даагч гишүүдийг басах гэсэнгүй. Ердөө л МАНАН-г сөрөх хүч юу ч үгүй болох нь.
Б.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )