Иргэдийн хуралд халдварласан УИХ-ын “ханиад” төсвөөс хувь хүртэх жишиг тогтоов

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 10

Нийслэл хот 2015 оныхоо төсвийг баталлаа. Эдийн засгийн нөхцөл байдлаа дагаад бас л бүсээ чангалах төсөв болсон, тухайлбал 57 тэрбум төгрөгийг хэмнэнэ хэмээн цэнхэр дэлгэцээр ярьцгааж байна. Сайхан л сонсогдож байна. Гэхдээ иргэдийн хувьд нэг л хүлээлт байсан юм. Тэр нь юу вэ гэвэл Нийслэлийн ИХТ-д улирал тутам авдаг 10 сая төгрөгийн урамшууллаасаа татгалзах болов уу гэх хүлээлт. Гэтэл тэгсэнгүй.

Нийслэл, дүүргээ ингэж хөгжүүлнэ, иргэд та нарыгаа торгонд ороож тосонд өнхрүүлнэ гэх ухааны юм ярьж сонгогдсон мөнөөх төлөөлөгчид маань улирал тутам урамшуулал нэрээр 10 сая төгрөг хүртдэг нь нийтэд ил болсон нь саяхных.

Энэ бол Их Хурлаас Иргэдийн хуралд халдварласан “ханиад” юм. Анх 10 саяар эхэлж байсан УИХ-ын гишүүдийн тойргийн гэх малгайтай “урамшуулал” сүүлдээ тэрбум төгрөг хүрч тэнгэрт хадсан юм даг. Үүний жишгээр Аймаг, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчид мөнгө халаасалдаг болсон юм байна. Түүнийгээ тойргийн бус шууд урамшуулал хэлбэрээр хүртдэг аж. Дүүргийн хурлынхан ч яаж дутахав, таван сая төгрөгийг улирал бүр бас урамшуулал нэрээр авдаг. Суманд ч адилхан ийм жишиг тогтож байгаа байх. Байтлаа баг хорооны хурлынхан урамшуулал нэхэж ч магад. Том жижгээсээ үл хамааран адилхан л ард түмний төлөөлөл юм чинь.

Нийслэлийн Иргэдийн хурал 45 төлөөлөгчтэй. Нэг гишүүн жилдээ 40 сая төгрөг урамшуулал нэрээр авдаг. Нийлбэр дүнгээрээ бол жилд 1.8 тэрбум төгрөгийг төсвөөс авдаг

Нийслэлийн Иргэдийн хурал 45 төлөөлөгчтэй. Нэг гишүүн жилдээ 40 сая төгрөг урамшуулал нэрээр авдаг. Нийлбэр дүнгээрээ бол жилд 1.8 тэрбум төгрөгийг төсвөөс авдаг гэсэн үг. Үүний цаана Улаанбаатарын есөн дүүргийн хурлын төлөөлөгч гэж 500 хүн тус бүр нь жилдээ 20 сая төгрөгийн цалингаас гадуурхи урамшуулалтай. Үүнийг тооцож үзвэл жилд 10.0 тэрбум төгрөг болно. 

Монгол Улс 21 аймагтай. Тэнд нийтдээ 800 төлөөлөгч байдаг гэх мэдээлэл байна. Аймгийн Хурлын төлөөлөгчийг дүүргийнхтэй адилтгаж үзвэл бас л улиралдаа 5.0 сая төгрөг. Энэ мэтээр улсын хэмжээгээр Нийслэлийн хурлаас гадна 1300 төлөөлөгчийг жилдээ 26 тэрбум төгрөгөөр эрхлүүлдэг гэсэн үг. Нийслэлийнхтэй нийлэхээрээ 27.8 тэрбум төгрөг гэсэн  тоо гарч байна.

Энэ их мөнгө үү, эсвэл бага уу гэдгийг тодотгохоосоо өмнө ийм хэмжээний хөрөнгөөр юу хийж болохыг тодруулах гэж үзье. Ингэхдээ 2013 оны төсөвт суусан жишгээр багцааллаа. Тухайн жилийн төсөвт 100 гаруй хүүхэд хүмүүжих нэг цэцэрлэгийн зардлыг 280 сая төгрөг гэж суулгаснаар тооцвол дээрхи мөнгө 90 орчим цэцэрлэг барихад хүрэлцэнэ. 2013 оноос хойш зардал хоёр дахин өссөн гэж үзвэл 30-40 цэцэрлэг, эсвэл орчин үеийн стандартын 15-18 бүрэн дунд сургууль барихад хангалттай хүрэлцэнэ.  Адаглаад төсөв хүрэлцэхгүй гээд таг суучихсан дөрөвдүгээр төрөх эмнэлгээ ашиглалтад оруулаад үлдсэнээр нь дахиад 100 гаруй ортой хүүхдийн эмнэлэг барьж болно.Түүнчлэн ийм хэмжээний хөрөнгөөр 30 шахам км засмал зам, эсвэл 250 орчим айл өрхийг орон сууцаар хангах жишээний. Ингэж бодохоор бага мөнгө гэж төсөөлөгдөхгүй байна.

Дээрхи мөнгө 90 орчим цэцэрлэг барихад хүрэлцэнэ. 2013 оноос хойш зардал хоёр дахин өссөн гэж үзвэл 30-40 цэцэрлэг, эсвэл орчин үеийн стандартын 15-18 бүрэн дунд сургууль барихад хангалттай хүрэлцэнэ.

Харамсалтай нь итгэл хүлээсэн Иргэдийн хурлын төлөөлөгчид маань ийм хэмжээний мөнгийг зүв зүгээр урамшуулал гээд хүртээд сууж байдаг.

Иргэдийн төлөөлөгчдийн энэ нууцхан урамшуулал олонд ил болсон нь саяхных болохоос биш уг угшил нь одоо мэдэгдэж байгаагаар 2012 оноос эхтэй гэнэ. Магадгүй үүнээс өмнө ч байж мэднэ. Тодруулбал, 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 70 дугаар тогтоолоор  2013 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд олгох урамшууллын хэмжээг улирал тутам 10 000 000 төгрөгөөр тогтоожээ. Нийслэлийн орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу НИТХ үе үе сэм сэмхэн шийдвэр гаргачихаад байдаг гэмтэй. Өнгөрсөн зун 18 төлөөлөгчөө мөн л татвар төлөгчдийн мөнгөөр Бразиль руу аялуулж хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзүүлж байсан удаатай. Хурлын төлөөлөгчдийн урамшуулал бол бас л нэг иймэрхүү олны нүднээс далд гарсан шийдвэр.

Нийслэлийн аудитын газар төлөөлөгч нарт олгож байгаа энэ мөнгө үр дүнгүй зарцуулагдаж байгаа гэж дүгнэсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй.

Нийслэлийн Аудитын газрын дарга Ц.Очирбат “Төлөөлөгч нарт олгож байгаа урамшууллыг эргэж харах шаардлагыг НИТХ-ын даргад хүргэсэн. Хэрвээ энэ байдлаараа олговол нийгмийн даатгалын шимтгэл, бусад хууль тогтоомж, татварын хуулинд нийцүүлж хэрэгжүүл. Эсвэл урамшууллыг байхгүй болго. Өөр хөрөнгө оруулалтын журмаар арга замаа шийд гэсэн чиглэлийг өгсөн. 2015 оны Нийслэлийн төсөвт уг урамшуулал тусгагдахгүй байх гэж найдаж байна” гэж байсан ч 2015 төсөвт хэвээр суусан бололтой.

Учир шалтгаан бол угаасаа ойлгомжтой. Төлөөлөгчид зүгээр сууж байгаад хүртдэг ийм бэлэн урамшууллаасаа “тэнэг” л биш бол татгалзахгүй. Хэдийгээр энэ урамшууллаа зарим нэг нь тойргийн мөнгө гэж тойруулж байгаа ч  Ц.Очирбат даргын “Хэрвээ энэ байдлаараа олговол нийгмийн даатгалын шимтгэл, бусад хууль тогтоомж, татварын хуулинд нийцүүлж хэрэгжүүл” гэсэн үг анхаарал татахгүй байхын аргагүй. Тойргийн мөнгөнөөс нийгмийн даатгалын шимтгэл, татвар энэ тэр гэж яригдахгүй нь тодорхой шүү дээ.  Хотын Ерөнхий аудиторын өгсөн “Эсвэл урамшууллыг байхгүй болго. Өөр хөрөнгө оруулалтын журмаар арга замаа шийд” гэсэн чиглэлийн дагуу зүсээ хувиргаж, нэрээ өөрчилсөн байх магадлал бас буй.

За яахав, тойргийн мөнгө  гэж нүдээ аньж байгаад төсөөлье. Тэгвэл намын нэрсээр орж ирсэн тойроггүй гишүүд адилхан л хүртээд явж байгаа шүү дээ.

тэр бууруулсан зардал дотор мөнөөх төлөөлөгчид нарын хүртдэг жилийн 40 сая төгрөг огтхон ч дурдагдсангүй

Нийслэлийн төсвийн урсгал зардлыг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоол, Нийслэлийн ИТХ-ын “Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг батлах тухай тогтоолын хүрээнд урсгал зардлыг бууруулсан” хэмээн Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа тодотгож байна билээ.  Харин тэр бууруулсан зардал дотор мөнөөх төлөөлөгчид нарын хүртдэг жилийн 40 сая төгрөг огтхон ч дурдагдсангүй.  Хотын төсвийг анхлан хэлэлцэж байх үеэр Н.Батаа дарга “2015 оны төсөвт нийслэл болон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэг ч төгрөгийн шагнал олгохгүй. Бүгдийг нь төсвөөс хассан байгаа” гэж хэлж байсан нь бий. Харамсалтай нь хийх хэлэхийн хооронд алд дэлэм зай байсаар ирсэн.  

Иргэдийн хурлын төлөөлөгчид ийн өөрсдийгөө төсвийн хөрөнгөөр урамшуулдаг нь ганцхан Нийслэлийн хүрээний асуудал биш гэдгийг эхэнд дурдсан. Энэ бол Монголын улс төрийн нэгэн эмгэнэлт дүр төрх болон тогтож байгаад асуудлын гол байгаа юм. Эрх мэдлээ дагуулж мөнгө хүртэх нь шударга шийдвэр, ариун явдал мөн үү. Монголчууд тийм хөрөнгө мөнгөө барж ядсан баян балгалзуур орон мөн бил үү. Ийм асуултыг араас нь дайж үлдээе.

УИХ-ын  тойргийн гэх хуваарилалтаас халдварласан “ханиад” ийнхүү доод шатны хурлын байгууллагуудыг төсвийн мөнгөнөөс хувь хүртэх жишгийг тогтоож өгөөд байна.

П.Булган

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2014 оны 12 сарын 10

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
sook(202.126.89.176) 2014 оны 12 сарын 10

Энэ бол завхрал гэхэс өөр юу гэх вэ. Ер нь татвар төлөгчдийн мөнгөнд ямар ч хяналт алга.

0  |  0
зочин(103.10.22.242) 2014 оны 12 сарын 10

Төрийн хямрал. Суудалгүй, гүйдэлгүй завхарсан улс болжээ

0  |  0
зочин(202.179.23.134) 2014 оны 12 сарын 10

НИТХ-ын дарга нь шорон оронд орж байсан нөхөр гэсэн биз дээ, ийм хууль бус юмыг зогсоохгүй юм уу

0  |  0
Top