Дундчуудаа дундлахгүй байх юмсан

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 12

-За амьдрал ямар байна даа?

-Дажгүй, дажгүй.  Хоёр идэхгүй, хоосон хонохгүй болж л байна.

Бидний олонхийн амьдралын чанарын хэмжүүр нэг иймэрхүүгээр илэрхийлэгддэг.  “Аа, Доржийнх уу? Бусдаас гуйгаад байхааргүй дундаж амьдралтай айл даа” хэмээн хэн нэгнээ өөр хоорондоо тодотгоно. Баян ч биш, ядуу ч биш гэсэн багцаалал юм даа.  Монголд өнөөдөр ийм л хүмүүсээ нийгмийн дундаж давхаргынхан хэмээн тодотгох байх. Яагаад гэвэл нийгмийн маань хэр хэмжээ үүнээс нэг их хэтрэхгүй.

Дундчууд. Ашиг орлого, албан тушаалаараа цойлоод гарчихаагүй, дорд үзэгдэж доошоо орчихоогүй тийм л хүмүүс. Эрхэлсэн ажил, тогтсон бизнестэй, сарвайвал санхүүгийн эрх чөлөөнөөс шүүрээд авахад ойрхон  хүмүүс ч тэдэн дунд бий. Эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажил хөдөлмөр, олж буй орлого  нь тэднийг  ямар ч гэсэн бусдын гар харахааргүй байлгаж чаддаг.  Ийм  болохоор нь л тэднийг дундчууд хэмээн тодотгоё.

Дундчууд. Ашиг орлого, албан тушаалаараа цойлоод гарчихаагүй, дорд үзэгдэж доошоо орчихоогүй тийм л хүмүүс

Дундчууд нийгмийн түшиг тулгуур, тогтвортой байдлыг хангагч нөлөө бүхий хүч байдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн хөдөлгөгч хүч, хөгжлийн зүтгүүр болдог. Энэ утгаар нь харвал Монголын нийгмийг чирч яваа хүмүүс энэ дундчууд.  Ер нь нийгмийн эерэг өнгө төрх, улс орны нүүр царай энэ дундчуудаас эхэлж мэдрэгддэг болохоор дэлхийн улс орнууд дундчуудаа дундлахгүй байхыг ихэд хичээдэг аж. Гэхдээ дундаж байх дэлхий нийтийн “стандарт” жишиг гэж байхгүй. Тухайн улс орнууд хөгжлийн түвшингээсээ шалтгаалж хэнийгээ дунд давхаргынхан гэх нь тэдний дотоод асуудал  ажгуу.

Өөрсдийнхөө хаана явааг тодруулахын тулд  өрөөлийн жишиг багцааг бас сонирхож үзье. Европын холбооны орнуудын иргэдийнх нь 55-аас доошгүй хувь нь дундаж давхаргынхан байдаг.  Барууны орнуудын жишгээр  дундаж давхаргынхан гэдэг бол  өндөр чанарын импортын бүтээгдэхүүн,  авто машин  худалдан авах, хүссэн аялал жуулчлалаа  хийх, олон улсын стандартын хэмжээний үйлчилгээ авах боломжтой хүмүүс байх учиртай гэнэ. Америкт жилийн 30-40 мянган ам.долларын орлоготой иргэдээ дундаж хэмээн тооцдог. Энэ нь манайхаар бол жилдээ 56-75 сая төгрөгийн орлоготой гэсэн үг л дээ.

Харин энэ хэмжүүр манай хоёр хөршид арай өөр. Хятадад эдүгээ өдөрт 10-100 ам.долларын орлогтой 500 сая хүн бий. Тэднийгээ  нийгмийн дундаж давхаргынхан гэж тооцож байна. ОХУ-ын хувьд хүн амынх нь 16 хувь нь дундаж давхаргынхан байгаа ажДэлхийн банк дундаж өрхийн сарын орлого 3500 ам.доллар орчим гэсэн тооцоог хийсэн байх юм. Энэ бол бидний хувьд дэндүү холын мөрөөдөл байх.

Монголын хүн амын тэн хагасаас илүү нь дундаж давхаргад хамаардаг гэсэн тоо баримт байдаг. Чухам ямар үзүүлэлтээр гэдэг нь тодорхойгүй.  Монголчууд нэрэлхүү, бас амны бэлгийг эрхэмлэдэг хүмүүс болохоор барагтай бол өөрийгөө ядуу зүдүүгээр илэрхийлэхгүй.  Гэсэн хэрнээ тэдний ихэнх нь цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд амьдардаг.

Өөртөө болоод гэр бүлдээ хөрөнгө оруулах, мөнгөн хуримтлал бий болгох боломж хязгаарлагдмал, жилдээ нэг гадаадад байтугай хойшоо Хөвсгөл далай руугаа очих “тохироо” бүрдэхгүй байсаар зуныг өнгөрөөчихдөг ийм л хүмүүсээр дундчуудын армийн олонхи бүрддэг. Харин хаа очиж монгол зангаараа сэтгэлээрээ баян, дээшээ тэмүүлэлтэй хүмүүс. Эх орны маань дундчууд  нэг иймэрхүү янзаар төсөөлөгдөж байна.

Өөртөө болоод гэр бүлдээ хөрөнгө оруулах, мөнгөн хуримтлал бий болгох боломж хязгаарлагдмал, жилдээ нэг гадаадад байтугай хойшоо Хөвсгөл далай руугаа очих “тохироо” бүрдэхгүй байсаар зуныг өнгөрөөчихдөг ийм л хүмүүсээр дундчуудын армийн олонхи бүрддэг

Энэ мэтээс нь харвал манай дундаж давхаргынхан их эмзэг байгаа биз. Өөрөөр хэлбэл, тэд маань дээшээ дэгжих, доошоо дордох хоёр заагийн хооронд холбирч байдаг хүмүүс гэсэн үг. Иймээс Монголын дундаж давхаргынхныг тооноос чанарт шилжүүлэх шаардлага бий.

Эдүгээ манай хүн амын 2-3 хувь нь чинээлэг, 60-70 орчим хувь нь дундаж орлоготой, 30 хувь нь ядуу гэсэн тоо баримт байна. Монгол шиг амьдрах боломжтой оронд ийм өндөр хувьтай ядуурал байна гэдэг санаанд багтахааргүй үзүүлэлт. Тэднийг бүгдийг нь биш юмаа гэхэд олонхийг нь дундаж анги руу хөрвүүлэх боломж бий.

Манай эдийн засаг өсөөд байгаа хэрнээ ядуурал нь бас дөрөө харшуулаад байдаг. Энэ нь эдийн засгийн өсөлт нь хүний хөгжлийн үндэс болж чадаагүй, нөгөө талаасаа нийгмийн баялгийн хуваарилалт тэгш биш байгаагийн нотолгоо.  Хэрэв байдал энэ янзаар үргэлжилбэл мөнөөх дундчууд маань доошоо хальтирахад ойрхон гэсэн үг. Энд л том хаалт хана хэрэгтэй байна. Манайх шиг орны хувьд нийгмийн бүтцэд 80-90 хувь нь дундчууд давамгайлсан нийгмийн жигд тогтолцоог хангах нь зохистойг судлаачид тэмдэглэсэн  байх юм билээ. 

Намууд дундаж давхаргын тухай дуугараагүй биш дуугардаг. МАН сонгуулийн хөтөлбөртөө “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлнэ” гэсэн бол АН-ын “Хүн шиг амьдрах” уриа дуудлага бол бас нэгэн илэрхийлэл нь. Гэхдээ тэд дуугардаг болохоос биш ажил хийдэггүй.

Уг нь дундаж давхарга нийгмийн олонхи болж чадваас улс төрийн хийрхэл, нийгмийн хурц зөрчлийг хязгаарлаж, эдийн засаг тогтвортой өсөх, улс орон  хөгжин цэцэглэх  хөрс суурь болдгийг дэлхийн олон орны жишгээс харж болно. 

2012  оны дөрөвдүгээр сард БНСУ-ын парламентын сонгуульд  хатагтай Пак Гён Хегийн удирдсан “Сэнүри” буюу “Шинэ ертөнц” нам дундчуудаа дэмжсэн хөтөлбөрөөр сонгуульд ялсан. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама тангараг өргөх ёслолынхоо үеэр “Чинээлэг дундаж давхаргын хүчирхэг нуруун дээр улс орон хөгждөг” учраас энэ хэсгийг дэмжихээ илэрхийлж байсныг эргэн санамаар.

П.Булган

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top