Оны онцлох 10 тууз хайчлалт

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 16

Ирж буй шинэ оны босгон дээр Зиндаа.мн сайтын зүгээс улиран одож буй 2014 онд нийгмийн бүхий л салбарт болсон онцлох үйл явдлуудыг цувралаар уншигч танаа хүргэхээр бэлтгэлээ.

Бидний өнөөдрийн сэдэв ОНЫ ОНЦЛОХ 10 ТУУЗ ХАЙЧЛАЛТ 


Улирч буй оны хувьд эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байлаа. Гэхдээ энэ оныг үйлдвэржилтийн жил байсан хэмээн тодотгож  болмоор санагдана. Учир нь 2014 онд монголчууд том жижиг олон үйлдвэрийн туузыг хайчиллаа.

Н.Алтанхуягийн Засгийн газар 2014 оныг “Монголдоо бүтээх жил”-ээр зарлаж, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийг дэмжиж ажилласны үр дүн энэ байв. Шинээр үүд хаалгаа нээсэн энэ үйлдвэрүүдтэй зэрэгцэн бүтээн байгуулалтын ажил ч чамгүй өрнөсөн. Үүнд, хөрөнгө зардал, цаг хугацаа их шаарддаг  “Гудамж” төслөөс эхлээд  аймгуудыг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбох ажил, цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх гэхчлэн  ярихаас хэтэрдэггүй байсан  олон ажил бодит болж биеллээ оллоо. Шинэ он гарахад хэдхэн хоног үлдэж байна. Энэ хугацаанд  төлөвлөсөн ёсоор бол ашиглалтад орох хэд хэдэн томоохон бүтээн байгуулалт бас буй. Тодруулбал, Амгалангийн дулааны станц, IY цахилгаан станцын өргөтгөл, МАК-ийн хийт бетоны үйлдвэр зэргийг дурдаж болно. Энэ бүхний дундаас тууз хайчилсан 10 бүтээн байгуулалтыг онцлон оруулж байна. Ингэхдээ тухайн бүтээн байгуулалтын хэмжээ далайц, ач холбогдол,  шинэ содон байдлыг нь илүү харгалзсан болно.

Жилдээ сая тонн-ын чадалтай цементийн үйлдвэр


Хөтөлийн “Цемент-шохой” ХК хүчин чадлаа дөрөв дахин нэмэгдүүлж жилдээ 1.0 сая тонн сайн чанарын цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг өнгөрөгч таван сарын дундуур ашиглалтад оруулав.  Ингэснээр тус үйлдвэр дотоодын цементийн хэрэгцээний 50 хувийг дангаараа хангах боломжтой болж байгаа юм. Хөтөлийн “Цемент-шохой”-н үйлдвэр бол төрийн өмчит байгууллага. Харин төрийн өмчит компанид  үндэсний хөрөнгө оруулагч  “Бейзмент” ХХК хөрөнгө оруулж үйлдвэрийг 1.6 жилийн хугацаанд барьж байгуулж ашиглалтад оруулсан нь төр хувийн хэвшлийн хамгийн үр дүнтэй түншлэлийн тод жишээ болсон юм.

Тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Г.Батдоржийн хэлснээр энэхүү төсөлд нийтдээ 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд шинэ үйлдвэр нь нь хуурай аргаар цемент үйлдвэрлэх шилдэг технологийг Монголд анх нэвтрүүлснээрээ онцлог юм.

Үйлдвэрийн нээлтэд оролцсон Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монголын түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж байна. Нэг сая тонн цементийн хүчин чадалтай үйлдвэр бидний хувьд мөрөөдөл байсан ч өнөөдөр биелэл оллоо” хэмээн  онцолсон юм.

Цементийн импортод 2007-2013 хооронд ойролцоогоор 450 сая ам.доллар зарцуулж байсан бол энэ үйлдвэр ашиглалтад орсноор валютын гадагш чиглэсэн урсгалыг тэн хагасаар бууруулж байна.

Дулааны III станцын 50 МВт-ын өргөтгөл


2014 онд манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 50 Мвт-аар нэмэгдэж байна. Энэ хэр хэмжээний хүчин чадал вэ гэдгийг тодруулъя. Ийм хэжээний эрчим хүчээр 100 мянган айлын хэрэгцээг хангана. Дарханы цахилгаан станц гэхэд 48 Мвт-ын хүчин чадалтай гээд төсөөлөхөөр нэг багцаа буух байх. Улаанбаатар хотын III цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50 Мвт-аар нэмэгдүүлэхэд Чингис бондоос 35 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэ бол тухайн салбарт сүүлийн 25 жил хийгдээгүй том бүтээн байгуулалт болсон хэмээн тодотгож байгаа юм.

Монгол Улс эрчим хүчний хомсдолтой орны нэг, зарим хэсгийг нь импортоор авч байгаа. Тэгвэл шинээр цахилгаан станц барих хүртлээ суурилагдсан хүчин чадлаа өргөтгөх журмаар эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа нь  зөв алхам болж байна гэдгийг онцолдог. Дулааны III станцын өргөтгөлийн төсөл өртгөө 6 жилийн хугацаанд нөхөж, ашигтай ажиллах юм. Одоо энэ ондоо багтаж IY цахилгаан станцын 128 Мвт-ын өргөтгөл болон нийслэлийн зүүн бүсийг дулаанаар хангах 300 Мвт-ын Амгалан  дулааны станцыг  ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.

Чөлөөт бүсийн “чөдөр”-ийг тайлав


Сүүлийн 20 шахам жилийн хугацаанд яригдсан Алтанбулагийн чөлөөт бүс Н.Алтанхуягийн Засгийн газрын үед  албан ёсоор нээлтээ хийсэн нь энэ оны онцлох тууз хайчлалтын нэг яах аргагүй мөн байлаа. Өнгөрөгч зургадугаар сарын 22-нд нээлтээ хийсэн Алтанбулагийн чөлөөт худалдааны бүс зөв голидролоор хөгжвөл Монголын эдийн засагт  багагүй орон зай эзлэх учиртай төсөл.

Монголын хойд хилийн Улаанбаатар хотоос 335 километрийн зайтай орших Алтанбулаг нь Ази-Европыг холбосон худалдааны коридор болох газар зүйн давуу байршилтай.  Энэ бүсэд 15-20 мянган хүн байнга амьдрах боломжтой байхаар дэд бүтцээ шийдсэн бөгөөд Чөлөөт бүс 500 га талбайтай, 87 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахаар газар эзэмших гэрээгээ байгуулжээ.  

Чөлөөт бүс эхний хоёр сард туршилтын журмаар ажилласан бөгөөд энэ хугацаанд  зорчигчид болон бараа эргэлт нэлээдгүй өсч, 13.6 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлжээ.

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг нээснээр манай улсын хувьд хамгийн багаар бодоход жилдээ 100 сая ам.долларын ашиг олох  боломжтой гэдгийг чөлөөт  бүсийнхэн онцолж байгаа юм.

Угсармал барилгын шинэ эрин эхэллээ


Угсармал бетон хана хийцийн үйлдвэрийг дотооддоо бий болгохоор “Гранд байшин” ХХК Герман технологийн “WEILER” үйлдвэрийг нэвтрүүлж, өнгөрөгч аравдугаар сарын дундуур ашиглалтад оруулав. Ингэснээр Монголын барилгын салбарын бүтээн байгуулалт улирлын хамаарлаас  ангижрах боломжтой болж байгаа төдийгүй  барилга угсралтын өртөгийг хамгийн багадаа 25хувиар бууруулна. 

“Weiler” нь жилд 200,000 м2 барилгад шаардлагатай ханын болон бусад хавтангуудыг үйлдвэрлэх хүчин чадалтай.  2016 оноос үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөжээ.

Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монголд угсармал барилгын шинэ эрин эхэлж байна. Гэхдээ энэ бол бидний өмнөх төсөөллөөс  өөр,  гадна дулаалгыг маш сайн, чанарын өндөр түвшинд  хийдэг, энэ тал дээр 100 хувийн баталгаа өгч байгаа юм. Энэ үйлдвэр 150 ажлын байр шинээр бий болж байна. Өөр нэг онцлох зүйл гэвэл “Weiler” технологийн барилга газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй.  

Шувууны аж ахуйд хагас зуун жилд байгаагүй хүчин чадлыг бий болгов 

Есдүгээр сарын 20-доор Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв аймгийн Баянчандмань суманд  “Баян шувуу” аж ахуйн цогцолборын нээлтэд оролцохдоо “1953 онд Монгол Улс анх удаа 30 мянган өндөглөгч тахиатай аж ахуй нээж, түүнээс хойших 50 жилийн хугацаанд нийтдээ 350 мянган өндөглөгч тахиатай болжээ. Харин өнөөдөр манай улсын хагас зуун жилийн түүхэнд бүтээснээс илүү хүчин чадалтай орчин үеийн том цогцолборыг үндэсний компани богино хугацаанд босгожээ. Монголчууд жилд 100 сая ширхэг өндөг хэрэглэдэг бол энэ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр дотооддоо 200 сая ширхэгийг үйлдвэрлэж, хоёр дахин илүүг хэрэглэх боломжтой болно”  хэмээн онцолсноос Та энэ үйлдвэрийн хүчин чадлыг баримжаалсан байх.  “Баян шувуу” аж ахуй нийтдээ хагас  сая  шувуутай. Түүнээс гадна цагт 60 мянган ширхэг өндөг ангилж савлах хүчин чадалтай үйлдвэрийн эхний ээлж энэ үеэр ашиглалтад орсон юм.  Импортыг 90 хувь, өндөгний үйлдвэрлэлийн өртгийг 30 хувь хүртэл бууруулах энэ цогцолборыг үндэсний НВЦ компани өөрийн хөрөнгөөрөө хоёрхон жилийн дотор барьж ашиглалтад оруулснаар гадагшаа урсдаг 20 сая ам.долларыг эх орондоо үлдээж байгаа юм.

НВЦ компани энэ бүтээн байгуулалтдаа нийт 55 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж,  орон нутгийн 200 хүн ажлын байраар хангагджээ.  “Баян шувуу” аж ахуй ойрын 4 жилд 1 сая толгой өндөглөгч шувуутай, жилд 200 сая ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай том үйлдвэр болж, 2018 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана.

Дотоодын гутлын зах зээлийн 30 хувийг хангах "Best shoes" үйлдвэр


Дотоодын гутлын хэрэгцээний 30 хувийг дангаараа хангах "Best shoes" үйлдвэр ашиглалтад орсон нь 2014 оны хөнгөн үйлдвэрийн салбарын нэг онцлох тууз хайчлалт байв. Монгол өмнөх нийгмийн үед гутлын үйлдвэртэй байсан ч түүнийгээ хувьчлалаар тарааж бутарааснаас хойш ийм том хэмжээний үйлдвэргүй өнөөг хүрсэн юм.

Тус үйлдвэр экспортыг нэмэгдүүлж, импорт орлох үйлдвэрийн төсөлд шалгаран "Чингис" бондын хөрөнгөөс  2 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Анх  2011 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан "Best shoes" компани сард 60-70 хос гутал үйлдвэрлэж байсан бол одоо  өдөрт 500-800 хос гутал хийх хүчин чадалтай үйлдвэртэй болж байгаа нь энэ.  Гутлын шинэ үйлдвэр одоогоор 70 гаруй ажилтантай,  Итали, Германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэнэ.

Нээлтийн үеэр үйлдвэрийн захирал Б.Түвдэнням "Бид 1134 ам.метр талбайтай шинэ байрандаа конвейрийн шугмаар үйлдвэрлэл явуулж эхэлснээр дотоодын гутлын зах зээлийн 30 хувийг хангаж чадахаар боллоо" гэж онцолсон юм.

 "Best shoes" компани гутлаас гадна цүнх, арьсан жижиг эдлэлийг Итали, Герман, Энэтхэг улсын лицензээр БНХАУ-д боловсруулсан зориулалтын үхэр, тугалын арьсаар хийдэг ажээ.   

Монгол машин үйлдвэрлэлийн бааз суурьтай болов 

2014 оны эхний тууз хайчлалт Монголын анхны автобусны үйлдвэрийн нээлтийн үеэр болсон юм. Нэгдүгээр сарын дундуур өдрийн сайныг товлон байж  морин цагт багтаж нээсэн энэ үйлдвэр Монголын машин үйлдвэрийн бааз суурь болж цаашдын хөгжлийн гараа болж байгаагаараа онцлогтой юм. Тийм ч учраас энэхүү нээлтийн ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн биеэр хүрэлцэн ирсэн билээ. Автобусны үйлдвэр өнөөдрийн байдлаар J-800 загвар болон түүний дараагийн цуврал болох J-800T маркийн Евро-4 хөдөлгүүрийн стандарттай, намхан шалтай, портал тэнхлэгтэй автобус үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэсэн автобуснуудаараа дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш нь экспортлох юм.  Нийтийн тээврийн салбарт шинэ технологи нэвтрүүлж, үйлчилгээний шинэ жишиг стандартыг тогтоож чадахуйц энэхүү автобус нь хотын нийтийн тээвэрт одоо хэрэглэгдэж буй автобуснаас олон давуу талтай бөгөөд Монгол орны уур амьсгалын нөхцөлд нийцсэнээрээ онцлогтой аж.

Хийт бетоныг гаднаас худалдаж авахгүй

Шинэчлэлийн Засгийн газрын “Монголдоо бүтээцгээе” зорилтын хүрээнд дотооддоо барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг чухалчилж байсан. Импортыг дагасан валютын маш их урсгал гадагшаа урсдаг байлаа. Ганцхан жишээ гэхэд манай улс жилд 2-3 мянган вагон бетоныг гаднаас авдаг. Харин “Дорнын цас” компани жилд 200 мянган шоо метр хийт  хөнгөн бетон үйлдвэрлэх хүчин чадалтай, дотоодын  зах зээлийн 30 хувийг хангах боломжтой үйлдвэрийг ашиглалтад оруулсныг оны онцлох тууз хайчлалтын нэгээр нэрлэв.

“Энэ үйлдвэр нь байгаль орчинд хор хөнөөлгүй, ямар нэгэн хаягдал гаргахгүй, утаагүй, усаа дахин ашигладаг, шинэ технологи бүхий үйлдвэр  бөгөөд шинээр 60 хүнийг байнгын ажилтай болгосон” хэмээн тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Амартүвшин ярьсан.

Манай улс жилд 600 мянган метр куб хөнгөн бетон хэрэглэдэг.  Одоо удахгүй Налайхад “МАК”-ийн хийт бетоны үйлдвэр ашиглалтад орох гэж байна. Ингэснээр манай улс ийм төрлийн бүтээгдэхүүнийг гадаадаас худалдаж авах шаардлагаггүй болж байгаа юм. Хамгийн гол нь эдгээр үйлдвэр ашиглалтад орсноор барилгын үнэ өртөг чамгүй хэмжээгээр буурна гэсэн сайхан мэдээ дагалдаж байгааг дуулгая.

Төмөрлөгийн салбарыг төлжүүлэх үйлдвэр

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг  Худаг байшинтын төмрийн хүдрийн ордын нойтон аргаар баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгөх ёслол өнгөрөгч есдүгээр сарын эхээр болсон.  “Фокус метал майнинг” ХХК барьж байгуулсан энэхүү үйлдвэрийг төмөрлөгийн салбарт хийгдэж буй шинэ томоохон бүтээн байгуулалт гэдгээр нь онцлов.

Худаг байшинтын  уурхай 2012-2014 онуудад 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нойтон баяжуулах үйлдвэрийн барилга угсралтын ажил бүрэн гүйцэтгэж туршилт тохируулгын ажил хийж гүйцэтгэжээ. Энэхүү төмрийн хүдрийн ордыг түшиглэн нойтон баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийн шугамыг нээж ашиглалтад оруулж байгаа нь манай улсын төмөрлөгийн салбарын хөгжилд шинэ хуудас нээж байна хэмээн мэргэжилтнүүд онцолсон.   

Энэхүү үйлдвэр ашиглалтанд орсноор 100 гаруй ажлын байр шинээр бий болж байгаа юм байна. Түүнчлэн тус үйлдвэр нь жилд 600 мянган тн хүдэр олборлож, 300 мянган тонн баяжмал гаргана. Нойтон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 5 жилийн хугацаанд 1.9  сая тн нойтон баяжмал, 69 мян.тн хуурай баяжмал борлуулж 228,2 сая ам.долларын ашигтай ажиллахаар тооцож байгаа юм билээ.

Гурван аймаг хатуу хучилттай замаар холбогдов

2014 онд хийж гүйцэтгэсэн, бас тууз хайчилсан томоохон бүтээн байгуулалт гэвэл яриангүй авто замын салбар байсныг онцлох учиртай байх. Учир нь замын ажил бол хэр хэмжээ, хөрөнгө мөнгө шингээх байдлаараа барагтайг дагуулахааргүй бүтээн байгуулалт байдаг билээ.  

Энэ онд Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдоод байна. Энэ оны хамгийн отгон зам буюу Хөвсгөл аймгийн төвийг Улаанбаатартай холбосон Мөрөн-Уньтын чиглэлийн хатуу хучилттай зам гэхэд  л 253.3 км урт.  Зам дагаж хөгжил ирдэг гэж ярилцдаг.  

Үүнээс гадна Нийслэлд  “Гудамж” төслийн хүрээнд 100 айл, Цэцэг төв, III, IY хорооллын Ахуйн үйлчилгээний уулзвар гэхчлэн хэдэн хэдэн газрыг шинэчлэн тохижууллаа. Эдгээрээс хэмжээ далайцын хувьд хамгийн том нь Бээжингийн гудамжны иж бүрэн тохижилт шинэчлэлтийн ажил байв. Үүнийг БНХАУ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр  хийсэн. Түүнчлэн Нисэх-Яармагаас Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17,1 км авто зам ашиглалтад орлоо. Уг зам нь 8 метр өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1,5 метр өргөн хөвөөтэй энэ замын 70 цэгт хиймэл байгууламж барьж байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top