Ц.Оюунгэрэл: Нүүрсний үнэ унасан нь манай Засгийн газарт шийтгэл боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 17

Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдахад Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдаж чиг үүрэг нь гурван яаманд хуваагдан харъялагдах болсон. Тус яамны сайдаар ажиллаж байсан Ц.Оюунгэрэл гишүүнтэй ярилцлаа.

-Танай яам татан буугдаж, гурван өөр яам үүргийг нь гүйцэтгэхээр боллоо. Таны хийж эхлүүлсэн төсөл хөтөлбөр, санаачилсан хууль цааш үргэлжлэх болов уу?

- Надаас хүлээж авсан ажилуудыг цааш үргэлжлүүлэх эсэх талаар шинэ сайдуудаас асуух ёстой байх. Ямар ч байсан би хийж эхэлсэн төсөл, хөтөлбөрүүдийн материалыг гурван сайддаа хүлээлгэж өгсөн. Тэр чиглэлээр л үргэлжлээд явах байх. Аялал жуулчлалын тухай, Морин тойруулгын тухай, Казиногийн тухай хуулийн төслүүд, "Ай Ти Би Берлин-2015", Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрийн төсөл гэх мэт хийж эхлэсэн олон ажлаа хүлээлгэж өгсөн.

- Шинэ Засгийн газар байгуулагдах гэж байхад та гурван сая хүний эрүүл мэндийг хариуцаж байгаа салбарт, спортыг хариуцуулж болохгүй гэж байсан ч тэр бүтцээр Засгийн газар байгуулагдлаа. Жишээлбэл эрүүл мэндийн салбарт, спортыг орхигдуулалгүй аваад явах боломж бий болов уу?

- Одоо энэ талаар юм яривал борооны дараа цув нөмөрнө гэдэг л болно. Тиймээс үүнийг шүүмжлэх, ингэх ёстой байсан юм, тэгэх байсан юм гэж заахад оройтсон. Тухайн үед, Загсийн газар байгуулагдаагүй байхад би бухимдлаа нэлээд илэрхийлсэн. Энэ ачааллыг Эрүүл мэндийн яам даахгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байсан. УИХ-ын гишүүд бараг бүгд дуу нэгтэй дэмжсэн. Гэхдээ 20 гаруй гишүүн манай яамыг татан буулгах нь буруу гэсэн саналтай байсан. Одоо ч буруу шийдвэр болсон гэдгийг хэлж байгаа. Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба спортын салбарыг орхигдуулахгүй гэдгээ ажил авахдаа хэлж байна билээ. Би "Яамны дэргэд ажиллаж байсан спортын баг 100 хувь мэргэжлийн шалгуураар сонгогдсон. Ямар ч нам, танил талын томилгоо ороогүй. Тиймээс энэ багийг үргэлжлүүлэн ажиллуулаарай" гэж захисан. Эрүүл мэндийн салбар үнэхээр ачаалал ихтэй. Дээр нь спорт нэмэгдэхээр бүр л хүнд болно. Мэргэжлийн баг ажиллуулаад энэ салбарыг анхаараад явбал болохгүй юм байхгүй.

- Батаарын музей ашиглалтад орох болов уу? Энэ ажлын үйл явц ямар байгаа бол?

- Лениний музейн байрыг гурван шатны шүүхийн шийдвэрээр улсын өмчид авч Батаарын музей байгуулах шийдвэр гарсан. Манай яам уг нь ирэх онд багтаан ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байсан юм. Тэр байранд бүрэн засвар хийх шаардлагатай байгаа. Одоо бол ашиглаглах ямар ч боломжгүй байшин. Халаалт, ус, тоггүй, хана нь нурчихсан байдалтай байгаа. Тэгэхээр үндсээр нь засвар хийх шаардлагатай. Одоо шинэ яам үүнийг анхаарч ажиллах хэрэгтэй.

- Занабазарын бүтээсэн Ногоон дарь эх хэдхэн хоногийн өмнө Парист дуудлага худалдаанд орж монгол мөнгөөр зургаан тэрбум төгрөгөөр худалдаалагдсан гэх мэдээлэл гараад байна. Энэ бүтээл ямар замаар гадагшаа гарсныг шалгах ажлын хэсэг байгуулагдсан гэсэн. Та ямар байр суурьтай байна вэ?

- Манай яам байхад энэ асуудал гарч ирээгүй байсан. Шинэ Засгийн газар бүрдэж, шинэ сайд ажлаа авч байхад энэ асуудал олон нийтийн сүлжээгээр тарж эхэлсэн. Л.Гантөмөр сайд ажлаа дөнгөж аваад л маргааш нь энэ асуудалд анхаарлаа хандуулсан байна билээ. Тэгэхээр Л.Гантөмөр сайд энэ талаар сайн мэдэж байгаа.

- Контентийн тухай хууль хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Таны санаачилсан энэ хууль батлагдах болов уу?

- Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу уран сайхны хөтөлбөрийн монгол уран бүтээлийн хувь хэмжээг заасан энэ хууль байнгын хороон дээр яригдаж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн. Ирэх долоо хоногийн эхээр анхны хэлэлцүүлэг нь явагдах байх. Энэ хууль маш чухал. Ийм хууль батласан орон 10, Солонгос улсын хувьд 20 жилийн дараа тухайн орны соёл нь дэлхийн соёл болтлоо хөгждөг. Одоо бол манайх өөрсдийнхөө соёлыг агуулга багатай, бүтээл муу, дэлхий хэмжээнд өрсөлдөх чадвар бага, бидний урын сан цөөн байна гэж ярьж байгаа үед энэ хууль маш чухал. Энэ хууль батлагдасны үр дүнд тухайн улсын уран бүтээл нэмэгддэг. Тэгэхээр бид одоо энэ хуулийг батлаж чадвал 2030 он гэхэд монголын урлаг, соёл дэлхийд танигдаж чадна гэж бодох хэрэгтэй. БНСУ 1990-ээд оны эхээр энэ хуулийг батласан. Солонгосын соёл олон улсад өрсөлдөхүйц, дэлхийн зах зээл дээр маш хүчтэй гарч ирсэн. Ингэж хүчтэй гарч ирэхийн эхлэл бол соёлын дотоодын квот. Дотоодын квотод тухайн орны соёл, соёлыг дагасан бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэл босч ирдэг. Тиймээс энэ хуулийг гишүүд маань дэмжээд гаргана гэдэгт би итгэлтэй байна.

- Энэ хуульд шүүмжлэх зүйл бас байсан. Урын сангийн нөөц гэх зүйл байхгүй. Энэ олон телевиз хоёр, гуравхан өдөр байгаа монгол бүтээлүүдээ гаргаад дуусчихна гэж байсан?

- Уран сайхны хөтөлбөрийнхөө 50-иас доошгүй хувийг монгол бүтээл байлгаач гэж байгаа. Уран сайхны хөтөлбөрт их олон зүйлийг багтааж байгаа. Кино, жүжиг, концерт, монгол хэлний нэвтрүүлэг, түүх, уламжлал ёс заншил, соёлын өвийг тайлбарлсан нэвтрүүлэгүүд байж болно. Энэ бүхэн Монголын уран бүтээл гэж тооцогдоно. Нөгөө 50 хувь нь гадны уран бүтээл байж болно.

- Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүний хувьд ямар байр суурьтай байна вэ? Мэргэжлийн, "дан дээл"-тэй Засгийн газар байх ёстой гэж ярьж байсан. Ярьж байсан шигээ Засгийн газар байгуулж чадсан болов уу?

- Би шинэ Засгийн газрын нэг ч хуралдаанд сууж үзээгүй. Дотор нь орж ажиллаж үзээгүй байж ийм, тийм гэж хэлж мэдэхгүй байна. Харин би өөрийнхөө ажиллаж байсан Шинэчлэлийн Засгийн газрыг үнэхээр сайн ажиллсан гэж бодож байгаа. Би хаана ч тэгэж хэлнэ. Анх байгуулагдаж байхдаа л надад их эрч хүчтэй баг санагдаж байсан. Бид хоёр жил дөрвөн сар нэг баг болж хамт ажиллахдаа ганц өдөр ч нэгнийгээ залхууруулаагүй, удаашруулаагүй, ажилд нь саад болоогүй. Байнга бие биенээ чирж, эрч хүчтэй ажилладаг, маш их хөдөлмөрч баг байсан. Би дотор нь байсан хүний хувьд, хоёр жил дөрвөн сарын хугацаанд нэг ч амралтын өдөр амарч үзээгүй ажилласан. 2014 онд л гэхэд би хоёрхон бүтэн сайнд амарсан байсан. Сая ажлаа хүлээлгэж өгөөд анх удаа хоёр өдөр дараалан амарлаа. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд байгаагүй удаан амралт байсан.  Хагас, бүтэн сайн маш удаан амралт санагдсан шүү. Бид ингэж нэгэн үзүүрт сэтгэлээр ажилласан. Магадгүй ажлын маань үр дүн зарим хүнд таалагдсан, таалагдаагүй гэдэг л маргах асуудал байх. Огт маргаангүйгээр хүлээн зөвшөөрөх асуудал бол, энэ хүмүүс үнэхээр их хөдөлмөрлсөн, үнэхээр их ажил хийсэн.

 

2014 онд л гэхэд би хоёрхон бүтэн сайнд амарсан байсан. Сая ажлаа хүлээлгэж өгөөд анх удаа хоёр өдөр дараалан амарлаа.

 

- Сайд нар мэргэжлийн байх ёстой гэж байсан. Мэргэжлийн сайдуудыг томилож чадсан уу?

- Би ч өөрөө мэргэжлийн шалгуураар сонгогдож сайд болоогүй. Улс төрийн зөвшилцлөөр сайд болсон шүү дээ. Өөрөө улс төрийн шийдвэрээр сайд болчихоод бусдыгаа би мэргэжлийн, мэргэжлийн биш гэж дүгнэх нь ёс зүйгүй асуудал. Ажлаа хийж чадаж байвал хэнд нь ч итгэж болно гэж бодож байна.

- 2014 оны төсвийн тодотгол энэ долоо хоногийн гол хэлэлцэх асуудал. Энэ оны төсөв нэг их наяд төгрөгөөр тасарсан гэж байсан. Төсөв яагаад ийм ихээр тасарсан юм бол?

- Өнгөрсөн жил яг ийм байдалтай байсан. Тэгэхэд бид төлөвлөсөн маш олон арга хэмжээгээ цуцалж байсан. Энэ жил яг тэр процесс давтагдаж байна. Ерөөсөө л төсвийн орлого тасарсантай холбоотой. Бидний нийлүүлж байгаа нүүрс нэмэгдээд байгаа хэрнээ үнэ нь буурчихаар орлого тасарч байгаа юм. Өмнө нь 100 төгрөгөөр зарж байсан зүйлээ 10-аар зарахаар хүн бүхэн мөнгөний хомсдолд орно биз дээ. Улс маань үүнээс л болж ядуурсан. Тэгэхээр гадаад зах зээл, ялангуяа нүүрсний үнэ, эдгээрээс маш их хамааралтай манай эдийн засгийг ингэж хямрааж байгаа юм. Тиймээс шинэ Засгийн газрын ярьж байгаа эдийн засгийг солонгоруулна, ганц нүүрснээс бус өөр зүйлээс орлого олдог болъё гэж ярьж байгааг би маш зөв гэж бодож байгаа. Ийм арга хэмжээ авахгүй бол Шинэчлэл, Шийдэл, Аварлын, ямар ч төгс Засгийн газар байгуулагдаад ч гадаад зах зээл нь ганцхан бүтээгдэхүүнээс хамааралтайн уршигыг арилгаж чадахгүй. Түүнээс бол эдийн засгийн энэ хүнд байдал аль нэг нам, Загсийн газар сайн муудаа ерөөсөө биш. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед нүүрсний үнэ унасан нь л их наядаар төсвийн орлого тасалдахад хүргэсэн. Гэхдээ бид өөрсдийнхөө боломжоор орлогоо нэмэгдүүлье, цементээ дотооддоо үйлдвэрлэе, замаа хямдхан тавья гэж маш их оролдлоо. Бүтээн байгуулалтын төсвийг хямдруулах гэж үзсэн. Үүний үр дүнд олон км зам тавигдаж, бүтээн байгуулалт хийж чадлаа. Бүх ажлаа байгаа боломжиндоо зориулан хийсэн. Гэхдээ эдийн засаг муу байхад бүх хүний буруу болдог, ялангуяа удирдагчийн. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан манай Засгийн газрын шийтгэл боллоо.

Л.Одончимэг

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bn(150.129.140.40) 2015 оны 01 сарын 01

Altanhayg sain bsaan

0  |  0
Дандар(112.72.13.55) 2014 оны 12 сарын 17

Сүйрлийн засгийн газар Монгол орныг 2-хон жилийн дотор элгээр нь хэвтүүллээ.

0  |  0
mald(112.72.13.81) 2014 оны 12 сарын 17

Buruug busdaas haih chin hunii natur l daa ene avgai ter zangaa l gargaj bn hunii urmand bataar aas uur yu ch hiigeegui avgai aylal juulchlal suuliin 2 jil sunusun mongold irdeg juulchin gj alga bataar l yarina

0  |  0
иргэн(202.70.42.34) 2014 оны 12 сарын 17

Хямрал энэ тэр, бэрхшээл, зовлон байгаа ч гэсэн Соёл, спортоо дангаараа хариуцаад аваад явж байх яамыг байхгүй болгосон нь үнэхээр харамсалтай. Улс орны эдийн засаг хүнд байсан ч соёл, спортын асуудлыг тарамдуулж, энд тэнд тараасан нь туйлын зохимжгүй үйлдэл. Яаж ч бодсон овоо цэгцлэх шатандаа явсан нэг чухал салбарыг үндсэндээ үгүй хийлээ. Харамсалтай.

0  |  0
иргэн(202.70.42.34) 2014 оны 12 сарын 17

Ер нь бол Алтанхуягийн засгийн газар шиг сайн ажилласан засаг байхгүй л дээ. Мэдээж өмнөх засгийн газрууд ямар нэгэн хэмжээгээр ажиллаж л байсан байж таараа. Харин Алтанхугийн засгийн газар мэдэгдэхүйц хурдтай, шуурхай, их ажил амьжуулсан тийм л засгийн газар байсан. Үнэн гэж ббайдаг бол тэр л үнэн.

0  |  0
Top