Британийн Legatum Institute судалгааны төв 2014 онд хамгийн их хөгжин цэцэглэсэн дэлхийн 10 улсыг нэрлэжээ. Эндхийн шинжээчид 2009 оноос эхлэн дэлхийн 142 орны амьдралын түвшин болон иргэдийнх нь аз жаргалтай байдалд мониторонг хийж /Prosperity Indeх/ дүнг гаргадаг. Ийм дүнг гаргахын тулд тухайн орны эдийн засгийн үзүүлэлтүүд /ДНБ, иргэдийн орлого гэх мэт/ болон иргэдийнх нь амьдралдаа хэр сэтгэл хангалуун байгаа зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үздэг аж. Нийт дүнгээрээ эдийн засаг, бизнес, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, хувь хүний эрх чөлөө, нийгмийн баялаг гэхчлэн найман бүлэг асуудлыг 89 шалгуураар авч үзжээ.
Тус байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улс дэлхийн 142 орноос 52 дугаар байранд эрэмбэлэгджээ. Өнгөрсөн жил 57 дугаар байранд жагсч байснаа ийн таван байраар урагшилж чадсан нь бидний хувьд чиг хандлага зөв сайн байгаагийнх биз. Ингэснээрээ бид хойд өмнөд хоёр хөршөө ардаа орхиж байна. БНХАУ манайхаас хоёр байрны хойно буюу 54-т, харин ОХУ-ын хувьд 68 дугаарт бичигдсэн байна.
Монгол Улс эрүүл мэнд гэсэн үзүүлэлтээрээ 142 орноос 91-д эрэмбэлэгдэж, хувь хүний эрх чөлөөгөөрөө 74 дүгээр байраас хойш ухарч 90-д бичигдсэн нь анхаарал татаж байна.
Энэ жагсаалтад эхний 10 байранд орсон улс орнуудын нийгэм эдийн засгийн байдлын үзүүлэтүүдийг товч илэрхийлье.
Норвеги
Скандинавын хойгийн энэ орон Prosperity Indeх-ийн жагсаалтыг зургаан жил дараалан тэргүүлж байна. Тус улсад энэ жил инфляци 2.1 хувь байснаас гадна иргэдийнх нь 94.9 хувь ирээдүйдээ итгэл төгс байдаг бол 66.1 хувь нь ажилд орох, ажил мэргэжлээ солиход хүндрэл байхгүй хэмээн тооцож байна. Норвег улс энэ шалгаруулалтаар нийгмийн баялаг гэсэн ангилалд тэргүүлжээ.
Швейцари
Тус улсад инфляци -0.2 хувьтай байсан нь гайхмаар. Энэ улс эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлсэн бол харин боловсрол гэсэн ангилалд нэлээд хойгуур буюу 21 дүгээр байрт эрэмбэлэгдсэн нь хачирхалтай. Харин швейцарчуудын 84.6 хувь нь өөрсдийнхөө боловсролын байдалд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлжээ.
Шинэ Зеланди
Холын тэртээх Шинэ Зеланди орон хувь хүний эрх чөлөө гэдэг үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа бол эрүүл мэндийн байдлаараа 20 дугаарт бичигджээ. Энэ улсад инфляци ердөө 0.9 хувьтай байлаа. 2014 онд Шинэ Зеланди өнгөрсөн жилээс хоёр байраар урагшилж дэлхийн хамгийн аз жаргалтай улсын жагсаалтад ийн гуравдугаарт бичигдэж байна. Энэ орны ард түмний 96 хувь нь хэрэгтэй цагт төр, нийгэм нь дэмждэг гэдгийг илэрхийлжээ.
Дани
Улирч буй онд Данид инфляци бараг ажиглагдсангүй, ердөө 0.8 хувь байв. Гэхдээ энд ажилгүйдлийн түвшин 7.5 хувь өссөн хэмээн экспертүүд тэмдэглэж байна. Харин хүн амынх нь 20 гаруй хувь ажил олоход амар хялбар хэмээн хариулсан байх юм.
Канад
Канад боловсролоороо тэргүүлдэг. Бас мөнгөний ханшийн уналт бараг ажиглагдсангүй. Гэхдээ тус улс 2013 оны үзүүлэлтээсээ хоёр байраар ухрав. Энэ шалтгааныг шинжээчид Канад улс цагаачлагчдад тэвчээртэй хүлээцтэй ханддагаар нь тайлбарлаж байна. Харин ийм үед авлигын асуудал анхаарал татдагыг экспертүүд анхааруулжээ.
Швед
Манай гаригийн хамгийн аз жаргалтай 10 орны жагсаалтад Швед улс байнга бичигддэг. 2014 онд инфляци энэ оронд 0.0 хувьтай байлаа. Өөрөөр хэлбэл энд ханшийн уналт гэсэн ойлголт байсангүй. Тус улс бизнес боломжоороо дэлхийд тэргүүлдэг бол харин боловсролын үзүүлэлтээрээ 16 дугаар байранд бичигддэг.
Австрали
Шар тивийнхэн боловсролын үзүүлэлтээрээ 2014 онд дэлхийд тэргүүлж байна. Гэхдээ энэ орон аюулгүй байдлын үзүүлэлтээрээ тийм ч сайн биш, 16 дугаар байранд байна. Мөнгөний ханшийн уналт 2.4 хувь орчим байлаа. Австрали хоёр дахь жилдээ Prosperity Inde-ийн жагсаалтын долдугаар байранд бичигдэж байна.
Финлянд
Финлянд жагсаалтын наймдугаар байранд урьдын адил бичигджээ. Эдийн засгийн хувьд урьд жилээс нэг их ахиагүй. Гэхдээ энэ улсын аюулгүй байдлын үзүүлэлт харьцангуй өндөр буюу гуравдугаар байранд эрэмбэлэгддэг. Финичүүдийн хувьд ажилгүйдэл араасаа нэлээд асуудал дагуулдаг. Инфляци 1.5 хувиас хэтрээгүй.
Нидерланд
Голланд 2010 оноос шилдэг 10 орны нэгэнд тогтмол шалгардаг болоод байна. Энэ улсын эдийн засгийн байдал тийм ч сайнгүй байгаа хэдий ч боловсрол болон эрүүл мэндийн салбартаа хийж буй эерэг өөрчлөлт шинэчлэлт нь хүмүүсийн аз жаргалтай амьдралаа мэдрэх том хүчин зүйл болж байгааг экспертүүд онцолж байна.
АНУ
Шилдэг арвын сүүлийн байранд АНУ бичигдэж байна. Тус улс эрүүл мэндийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлсэн бол аюулгүй байдлаараа тун таагүй дүнтэй /31 дүгээр байр/ байна. АНУ-д 2014 онд мөнгөний ханшийн уналт 1.5 хувиас хэтэрсэнгүй. Нэгдсэн улсын иргэд эрүүл мэндийн тогтолцоондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бол харин шинжээчдийн зүгээс АНУ-ын “эрх чөлөөний орон” гэсэн статус нь тэр бүр мэдрэгдэхгүй байна хэмээн шүүмжилжээ.
Д.Булган
Сэтгэгдэл ( 1 )
Монгол 52-р байрт бичигдсэн бол дажгүй ээ. Ямар ч байсан тэг дундуураас дээгүүр л бичигдэж байгаа юм байна.