С.Гансүрэн: Татвар төлдөг хүн л хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

Хувь хүний орлогын албан татварын тайланг авах хугацаа өчигдөр эхэллээ. Харин иргэд ямар тохиолдолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой эсэх талаар хангалттай мэдээлэл байдаггүй. Үүнээс шалтгаалан хөнгөлөлт эдлэх боломжоо алдах нь цөөнгүй. Тиймээс иргэдийн ихээр сонирхдог  зарим асуултад БЗД-ийн Татварын хэлтсийн ахлах байцаагч С.Гансүрэнгээс хариулт авлаа.

  - Ямар тохиолдолд ХХОАТ-ын хөнгөлж, чөлөөлдөг вэ? 

- Тухайн жилд орлого олсон иргэн бүр татвар төлөх үүрэгтэй. Иргэний орлогод цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө  борлуулсны  орлого, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, шууд бус орлогууд хамаарна. Эдгээр орлогоос Хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэн хуульд заасан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл үүргээ биелүүлсэн иргэн эрхээ эдлэх боломж нь бүрдэж байгаа юм. Хувь хүний орлогын албан татварын тайланг жилдээ нэг удаа тайлагнадаг онцлогтой. Татвар төлөгч иргэд маань 2014 оны Хувь хүний орлогын албан татварын тайланг 2015 оны 2 дугаар сарын 15-ны дотор гарган өөрийн харъяалах татварын албанд хүргүүлнэ. Татварын албад Хувь хүний орлогын албан тайланг өнөөдрөөс авч эхэлж байгаа.

 - Иргэд ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахын тулд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

- Хуулийн дагуу хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх иргэн Үндэсний татварын албанаас гаргасан  бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу зохих бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Ингэхдээ ямар төрлийн хөнгөлөлт эдлэх гэж буйгаасаа шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тиймээс иргэд Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлж байгаа иргэдийн бүрдүүлбэл зохих материалын жагсаалтыг Татварын ерөнхий газрын mta.mn веб хуудаснаас дэлгэрэнгүй харах боломжтой

 - 30 сая төгрөгийн орон сууц худалдан авсан бол 10 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Үүнээс дээш өртөгтэй байр авсан бол хувь нь нэмэгдээд явдаг гэсэн ойлголт иргэдэд түгээмэл байдаг. Энэ талаар тодруулаач?

- Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д  “Хувь хүн өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууц барих юм уу худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлого”-ыг чөлөөлөхөөр заасан. Мөн хуулийн энэ заалттай холбоотойгоор Дээд шүүхийн тайлбар гарсан. Дээд шүүхийн тайлбарт, 2007 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зөвхөн нэг удаа хувьдаа орон сууцны барилга барьсан, эсвэл худалдаж авсны аль нэгийг гэж ойлгоно гэж заасан байгаа. Тухайлбал  100 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдсан тохиолдолд 30 сая төгрөгийн орлогыг чөлөөлнө.
 Ихэнх иргэд 30.0 сая төгрөгийн 10 хувь болох 3 сая төгрөгийг буцаан авна гэсэн ойлголттой байдаг. Чөлөөлөлтөд хамрагдаж байгаа иргэний тухайн жилийн орлого өндөр байгаа тохиолдолд зөвхөн тухайн жилдээ чөлөөлөлтөө эдлээд дуусна.

- 2014 оноос өмнө орон сууц анх удаа худалдаж авсан, барьсан иргэд 2015 онд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу ?

- Өмнө нь орон сууцны хөнгөлөлтөд хамрагдаж байгаагүй бол боломжтой юм.

- Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг ямар тохиолдолд эдлэх боломжтой  байдаг вэ? 

- Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах гол нөхцөл нь өдрийн ангид анхны бакалавр зэрэгт суралцаж байгаа тохиолдолд хамрагдах боломжтой байдаг.  Харин магистр болоод оройн ангид суралцагчид  хөнгөлөлт эдлэх боломжгүй.

Гадаадад сургадаг оюутан авах боломжтой юу? Хэрэв тийм бол сургуулийн тодорхойлолт, төлбөрийн баримтыг хэрхэн бүрүүлэх вэ?

- Гадаадад оюутан сургадаг бол сургуулийн тодорхойлолт, төлбөрийн баримтыг авахдаа заавал эх хувьтай нь хамт баталгаат орчуулгын товчоогоор орчуулсан байна. Үүнд гадаадад амьдарч байгаа байрны хөлс ордоггүй.

Орлого нотлох баримт гэж юу вэ?

- Орлогын эх үүсвэрээс шалтгаалан холбогдох нотлох баримтууд байж болно. ХХОАТ-ын тухай хуулийн 9.1.3-т заасны дагуу орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого гэдгийг нь нотлох баримт юм. Цалингийн хуримтлал, хадгаламжийн дэвтэр зэрэг нь нотлох баримт юм.   

- Харин орлого нотлогдохгүй гэдэгт юуг  багтааж ойлгох юм бэ?

- Иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулсан бол хөнгөлөлтөнд хамрагдахгүй. Гадаадын аль нэг улсад хууль бусаар амьдран суугаад хөдөлмөр эрхэлж олсон орлогоор орон сууц худалдан авсан бол хөнгөлөлтөнд хамрагдахгүй. Хувиараа бизнес эрхлэгч ХХОАТ төлдөггүй иргэн хөнгөлөлтөнд хамрагдах боломжгүй. 

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
а(202.21.115.36) 2015 оны 01 сарын 14

Энэ сэтгүүлчид гарчигаа зөв өгөөгүйгээс болж төөрөгдөлд оруулж байгаа юмаа. 30 сая төгрөгний орлого чөлөөлнө гэхээр 30 сая төгрөгний орлогын татвар болох 3 сая төгрөг чөлөөлнө гэсэн үг. Хэрэв тухайн жилийн хүн амын орлогын албан татвар 3 сая хүрж байгаа тохиолдолд 1 удаагийнхаар бүтэн авж болно. Хүрээгүй бол жил дамжуулан авна.

0  |  0
хм(112.72.6.182) 2015 оны 01 сарын 14

30 саяыг хөнгөлөх нь гээд унштал 3 сая болчлоо

0  |  0
Top