АМЕРИКЧУУДЫН ЭКСПОРТОЛСОН АРДЧИЛАЛ ИРАКТ НУТАГШСАНГҮЙ
Иракт болж буй дайн тулааныг гадаадын хэвлэл мэдээллээр “Иракийн гуравдугаар дайн” хэмээн нэрлэж байна. Өөрөөр хэлбэл, энэ орон, энэ ард түмэн 1980 оноос хойших 30 гаруйхан жилийн хугацаанд гурав дахь дайнаа үзэж байна. Хэрэв ийм өнцгөөс нь харвал эртний түүхт энэ орон амар амгалан амьдралаар тун хомсхон байсан мэт. Өнгөрсөн түүхийг эргэж нэг сануулбал 1980 онд Иракийн цэргүүд хөрш Иран руу довтолж Хузестан хотыг эзлэн авснаар энэ хоёр орны хооронд үргэлжилсэн найман жилийн ужиг дайн эхэлсэн билээ. Хоёр талаасаа саяаар тоологдох хүний амь насыг бүрэлгэсэн Иран-Иракийн дайн 350 тэрбум ам.долларын материаллаг хохирлыг учруулсан байдаг. Энэ дайн нь үргэлжилсэн хугацаа, үрэгдсэн амь, гарз хохирлын хэмжээ, оролцсон цэрэг зэвсгийн хэмжээгээрээ дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том зэвсэгт мөргөлдөөн болсон юм. Гадаадын хэвлэл мэдээллийнхэн үүнийг Иракийн нэгдүгээр дайн хэмээн нэрлэж байгаа бололтой.
2003 онд Саддам Хусейний дэглэмийг унагах зорилгоор АНУ Иракт дайн эхлүүлсэн нь шинэ зууны түүх болон үлдсэн. Энэ дайн үндсэндээ 2009 он хүртэл үргэлжилсэн юм. Газрын тосны эрх ашиг, бүс нутагт байр сууриа хадгалах Америкийн сонирхол энэ дайныг өдөөх гол шалтаг шалтгаан болсон. Харамсалтай нь америкчуудын Иракт экспортолсон “Ардчилал” тэнд нэг л нутагшиж өгөхгүй байна.
Одоо энэ орон иргэний дайн, шашин хоорондын мөргөлдөөний хөлд нухлагдаж байна. Дотоодын энэ хямрал мөргөлдөөн Ирак орныг шашин, үндэстэнээр нь хэдэн хэсэг болгон хуваах нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал, шийтүүд болон суннитууд тусдаа улс болон салж, энэ завшааныг ашиглаж хэдийнээс тусгаар улсын төлөө санаа бодолтой байсан курдуудын хувьд санаснаа гүйцэлдүүлэх алтан боломж тохиох магадлал буй.
Ирак дахь Курдын тэргүүн Массоуд Барзани “Курдууд өөрсдийн ирээдүйгээ шийдэх цаг ирсэн” хэмээн мэдэгдэж байсан бол үүний хариуд нь Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху “Курдууд бол дайчин ард түмэн, тэд улс төрийн итгэл үнэмшилээ хамгаалсан, тусгаар улс байгуулах эрхтэй үндэстэн” хэмээн ташуур өгч байсан нь саяхных. Хойт нутгийн нефтийн их баялаг, боловсруулах үйлдвэр хий Киркук муж үндсэндээ курдуудын хяналтанд орж магадгүй. Тэгвэл тэд эдийн засгийнхаа хувьд Багдадаас огтхон ч хамааралгүй байх боломжтой.
2009 оны зун америкийн цэргүүд Иракийг орхин гарч байсан. Тэр үед америкууд нэгэн цагт энэ оронд эргэн ирэх нөхцөл байдал үүснэ хэмээн зарим мэдээллийн хэрэгсэл тааварлаж байсан нь эдүгээ биеллээ олж байна. Барак Обама цэргийн зөвлөхүүдээ хэдэн зуугаар нь тийш нь илгээж, исламын босогчдод агаарын цохилт өгч байна.
АБУ БАКР АЛЬ-БАГДАД: АРДЧИЛАЛ ГЭХ МЭТ БАРУУНЫХНЫ ХОГИЙГ ҮГҮЙ ХИЙНЭ
Иракийн зарим нутагт хяналтаа тогтоож хүчирхэгжээд байгаа Исламын зэвсэгт байгууллагынхан дураараа дургиж, хүний санаанд багтамгүй харгислалыг үйлдэж байна. Тэдний энэ эрээ цээргүй үйлдэл үндэс шашин нэгтнүүдийгээ хүртэл өөрсдийн эсрэг босоход хүргээд байна. Иордон, Египет тэднээс өшөөгөө авахаа мэдэгдээд байна.
Ирак болон Сирийн зарим хэсгийг эзэлж авсан “Ирак, Левантегийн исламын улс” нэртэй суннитын зэвсэгт байгууллага өөрсдийн хяналтаа тогтоосон газар нутагт “Исламын Халифатын Улс” байгуулснаа зарлаж, бүлгийн лидер Абу Бакр аль-Багдадиг “халиф” хэмээн өргөмжилж “Бүх ислам шашинтны тэргүүн” гэж нэрлэсэн. Булаан эзэлсэн Сирийн Ракка хотыг нийслэлээ хэмээн зарлав.
Үүний дараа Абу Бакр аль-Багдади бүх мусульман шашинтнуудад хандан “Ардчилал гэх мэт барууныхны хогийг үгүй хийнэ” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Энэ бүлгийнхэн маш богино хугацаанд хүчирхэгжсэн байдаг. Тэд санхүүгийн маш сайн боломжтой, суннитуудаас гадна нутгийн жирийн иргэд ихээхэн дэмжиж байгаа нь ийн хүчирхэгжих шалтгаан болжээ.
Суннитуудын эгнээнд Садам Хусейний татан буугдсан “БААС” намын идэвхтнүүд, мөн Хусейний үеийн цэргийн зүтгэлтнүүд цөөнгүй байгаа аж. Энэ мэтээс харахад Иракт болж байгаа зэвсэгт тулааныг терророист бүлэглэлийн томоогүйтэл гэж харах нь учир дутагдалтай юм.
Иракт хэзээнээс олон ястан үндэстэн, янз бүрийн шашин зэрэгцэн оршиж, эв найртай амьдарч иржээ. Саддам Хусейний үед ч гэсэн ингэж л хамтран ажиллаж амьдарч оршин тогтносоор ирсэн байдаг. Харин шийт шашинт Ерөнхий сайд Хасан аль-Маликийн үед тэдний төрмөл сөргөлдөөнийг дэвэргэсэн хэмээн зарим тоймчид онцолж байгаа юм.
2006 оноос үүсч бий болсон “Исламын Ирак улс” байгууллага анх байгуулагдахдаа алан хядагч “Аль-Кайда”-гийн дэмжлэг оролцоотой байв. Энэ бүлэглэл анхнаасаа суртал ухуулгын хүчирхэг тогтолцоотой, дайн тулааны багагүй туршлагатай, Шариатын хуулийг гол болгодог суннитуудын бүлэглэл юм. Тэд Сирийн дайнд бие даасан зэвсэгт бүлэглэлийн хуваарь оролцож, хэд хэдэн хотыг хяналтдаа оруулж байсан байлдааны бэлээхэн туршлага дадлагатай, зэвсэг техникийн хувьд ч боломжтой гэнэ.
Нэгэн цагт нэгдмэл, амар жимэр амьдарч байсан энэ ард түмний одоогийн бухимдал сөргөлдөөнийг “Made in Washington” гэсэн хаяг шошготой гэж байгаа нь тийм ч талаар бус үг бололтой.
П.Булган
Сэтгэгдэл ( 10 )
Ирак-ын нэгдүгээр дайн хэзээ хаана болсон юм бол?
nil TOYOTA yaponchuud nootoidoo xaxaxaxaxa
2 dain fashist gitleriin esreg bolj bsan bol 3 r dain laliin islamchuudiin esreg boloh ni todorhoi bna
Saddam alan hyadagchdiig eh orondoo uurluuldeggui baijdee
АНУ болон түүний хамсаатан Барууныхан Ирак, Ливи, Сири гээд арабын ертөнцийн улс орнуудын хувь заяагаар тоглож байна. Тэд эдгээр орны дотоодод нь хямрал үүсгэж, үндэс угсаа нэгтнүүдийг бие биеийнх нь эсрэг босгосон. Одоо эдгээр орон нэгдмэл байдплаа алдаж, иргэний дайны хөлд нэрвэгдэж байна
АНУ-н асар том алдаа бол Иракт хийсэн дайн.
АНУ асар том алдаа бол Ирак хийсэн дайн.
Саддам Хусейны цэргүүд гэж ойлгогдохоор байна шүү дээ
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИЪ, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Энэ дайнд хөндлөнгөөс оролцох хэрэггүй юм байгаа юм. Яахав тэд хоорондоо үзэлцэж л байг.