М.Ганбат: Хээ, угалзыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 26

“Монгол бэлгэдлээ дээдлэе” үзэсгэлэн Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь хүүхэд залууст үндэсний уламжлалаа дээдэлж, хээ угалз сийлбэр түүний бэлгэдэл хүндэтгэлийн талаар танин мэдүүлэхэд оршиж буй юм. Ингээд үзэсгэлэнд тавигдсан хээ угалз бүхий уран бүтээлийн утга илэрхийллийн талаар зураач дизайнер М.Ганбаттай ярилцсан юм.

- Хээ угалзны хэд хэчнээн төрөл байдаг юм бол? Тоо баримт байдаг уу?

- Яг тэд, эд гэж тогтоосон тоо баримт байхгүй. Хээ угалзны тоо, төрөл хязгааргүй. Зөвхөн алхан хээ гэхэд л дотроо задраад 12 төрөл болж байх жишээтэй. Цаашаа хэд ч задарч, үүсч болдог. Судлаачид тоог нь гаргах гээд картын аргаар судалж үзсэн боловч орон орны соёлтой уусан нийлсээр нэмэгдсээр байсан.

- Хээ угалз хэдий үеэс үүсэлтэй юм бол? Аль улсаас гаралтай юм бэ?

- Хүн үүссэн цагаас л хээ угалз бий болсон. Хүмүүс амьдрал ахуйдаа өргөн хэрэглэж эхэлсэн. Бүх улс оронд өөрийн гэсэн хээ угалз бий. Ерөнхийдөө анхны хээ угалз бол хадны сүг, зураг дүрсүүд юм.

- Ер нь хээ угалз ашиглан уран бүтээл туурвидаг зураачид хэр их байдаг вэ? Та хэзээнээс энэхүү төрлөөр уран бүтээл хийж эхэлсэн бэ?

- Маш ховор байдаг. Дээхэн үед дээрхийн гэгээн Занабазар, мөн Маньбадар гээд алдартай зураачид байсан. Цаг үе улиран өнгөрөхийн хэрээр хээ, угалзаар уран бүтээл туурвих нь багассан. Ер нь дарагдаж ирсэн гэж хэлж болно. Одоо үед бол маш цөөхөн хүн бий. Тэдний нэг нь би. Ерөнхийдөө хээ, угалз түүгээр урлахуйг уран бүтээлчид бид туурвиж байж л буцаан сэргээж олонд хүргэх юм байгаан. Би уг нь барилгын интерьер гаргадаг хүн. Тэгээд барилгын засалд хээ, угалзыг оруулж өгвөл сонин содон санагдаад уран бүтээл туурвиж эхэлсэн. Өөрийн чөлөөт цаг, зав зайгаараа урладаг даа.

- Хээ, угалз нь зөвхөн уран бүтээл бус, асар том бэлгэдэл явж байдаг. Энэ талаар тайлбарлахгүй юу?

- Хээ гэдэг нь хатуу биет буюу илүү геометр дүрсийг ашигладаг бол, угалз нь зөөлөн уян угалзарсан дүрсийг илэрхийлдэг. Энэ хоёр нь нэгдэн арга билэг болж байгаа юм. Хээ угалзийг зөвхөн уран зураг бус сийлбэр, цутгамалаар урлаж болдог. Жишээ нь уран зургийн стандартад нийцүүлэн зотон дээр тосон будгийг ашиглан  дээхэн үеийн хөгшчүүлийн авдар дээрх арсланг урласан байгаа. Энэ нь зөвхөн уран бүтээл бус гүн гүнзгий утгыг өөртөө агуулж буй. Арслан хээ нь эр зориг, оюун ухаан, эд баялагийг хамгаална гэсэн бэлгэдэлтэй. Мөн найман тахилын нэг болох “Цагаан лавай” нь мунхагийн харанхуйн гүн нойрноос сэрээн дуудагч гэх мэтчилэн чухал утга санааг өөртөө шингээсэн байдаг.

-Уг үзэсгэлэнд таны ямар бүтээлүүд орсон байна вэ?

- Найман тахил, арслан, “Бат өлзий” гэх бүтээлүүд бий. Цаашдаа “Эвтэй дөрвөн амьтан”, “Төрийн дуулал” гээд л эдгээрийг хээ угалз ашиглан уран бүтээл болгох төлөвлөгөөтэй байгаа.

-Ер нь бүтээлүүдээ хэдий хугацаанд урладаг вэ? Хээ, угалз бүхий бүтээл туурвихад юу чухал байдаг вэ?

- “Бат өлзий” гэх бүтээлээ хийхэд сар гаруй хугацааг зарцуулсан. Ерөнхийдөө хээ, угалзаар бүтээл урлахад судалгаа чухал байдаг. Ямар хээ нь юуг бэлгэддэг, үүгээр ямар санааг илэрхийлэх гээд л. Энэ бүгдийгээ олчих юм бол цаг заваа тааруулаад зурахад хялбар. Хээ, угалз нь төгс гүйцэтгэл шаарддаг. Бурхан бүтээхэд шаардагддаг нямбай цэгцтэй гүйцэтгэл чухал.  Хээ угалз нь зөвхөн чимэглэл бус асар том утга агуулга явж байдаг. Тиймдээ манайд сонгодог бүтээл болтолоо хөгжсөн. Дурдвал дээрхийн гэгээн Занабазарын бүтээлүүдэд орсон хээ угалзын яруу сайхан хэлбэрийг харахад л мэдэгдэнэ.

-Чухам яагаад Монгол цэргийн музейд үзэсгэлэнгээ гаргах болсон бэ?

- Оны өмнөхөн “Бэст арт” уран зургийн галлерейд уран бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан. Энэ үеэр Монгол цэргийн музейн захирал ирсэн юм. Ингээд үзэсгэлэнг маань үзээд хүмүүст монгол хээ, угалзыг таниулан сурталчилья гэсний үндсэн дээр хамтраад энд гаргаж байна.

-Монгол үндэсний өв болох хээ, угалзыг Юнеско-д бүртгүүлсэн байдаг юм болов уу? Хээ, угалз нь аль улсаас гаралтай тал дээр маргаан байдаг гэж сонссон. Энэ талаар мэдээлэл байна уу?

- Одоо гаргаж байгаа үзэсгэлэн маань өөрсдийн өв болсон хээ угалзыг дотооддоо болоод мөн дэлхийд сурталчилан таниулж буй эхний ажил байгаа юм. Цаашдаа өөр олон ажил хийгээд Юнеско-д хээ угалзаа Монголын нэрийн өмнөөс бүртгүүлэх зорилготой юм.  Энд уран бүтээлч бидний үүрэг чухал. Бид туурвин гаргаж байж л олон нийт таньж мэдэж эхлэн юм. 

Бурханы "Найман тахилт" буюу "Өлзийт найман хээ"

"Бат өлзий" хээ 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦОГ(203.194.114.82) 2020 оны 05 сарын 11

МОНГОЛ АРХИДАЛТЫГ ТЭР ЮНЕСКО -Д БҮРТГҮҮЛВЭЛ ЯАСАН ЮМ?

0  |  1
Top