Гурван жилийн өмнө буюу 2012 оны зун Хятад Арктикийн зөвлөлд ажиглагчийн статус олж авахаар төлөвлөж байгааг “Өмнөд Хятадын өглөөний сонин” мэдээлж байв. Тэгээд ч тэр үед энэ асуудлаараа Шведийн дэмжлэгийг хэдийнэ хүлээчихээд байсан билээ.
Арктикийн Зөвлөлд Хойт мөсөн далайн бүс нутгийн найман орон нэгддэг бөгөөд тэдгээр нь ОХУ, Норвег, Дани, Исланд, АНУ, Финлянд, Швед улс юм. Харин Их Британи, Герман, Испани, Нидерланд, Польш, Франц энэ байгууллагын ажиглагчийн статустай байдаг аж. Харин эдүгээ Ази тивээс Япон, Энэтхэг, Сингапур, Өмнөд Солонгос, Хятад улс энэ зөвлөлд ажиглагчийн статустайгаар оролцож байна.
Далай тэнгисийн доорхи үлэмж баялаг, усан замын тааламжтай маршрут зэргээрээ Арктик нь хөгжиж буй орнуудын анхаарлыг ямагт татдаг. Тиймээс энэ бүс нутагт эдийн засгийн эзэмшил бий болгох гэсэн улс орнуудын ашиг сонирхлын зөрчилдөөн энд ямагт явагдаж байдаг нь тодорхой. Гэвч НҮБ-ын конвенци ёсоор Арктик нь хэний ч газар нутаг биш бөгөөд энэ бүс нутгийн орнууд харин нутаг дэвсгэрийнхээ хилийн заагаас 350 миль хүртэлх зайд 200 миль өргөн зурвас нутаг дэвсгэрт эдийн засгийн бүс нутаг бий болгох эрхтэй байдаг. Ер нь бол Арктикийн бүс нутгийг хэрхэн хуваан эзэмшүүлэх асуудал олон улсын хэмжээнд одоо хүртэл шийдэгдээгүй байгаа юм. Гэсэн ч хэрэг дээрээ улс орнууд тэнд эзэмших нутгийнхаа хил заагийн талаархи мэдэгдлээ НҮБ-д илгээсээр байна. Тэгэхээр хэн өрссөн нь гэдэг зарчим энд бас үйлчлээд байгаа хэрэг.
ОХУ гэхэд л Хойт туйлаас өөрийнхөө нутаг дэвсгэрийн хоёр зах хязгаар болох Мурманск болон Чукотк хүртэлх орон зайг өөрийн хэмээн “өмч”-лөөд байх жишээтэй. Энэ гурвалжин доторхи ус манайх гэж тэд зарлачихаад байгаа. Харин Арктикийн бүсийн бусад дөрвөн орон үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Оросын Арктикийн хэсгийн бүс нутгийн маргаанд Канад, Дани улс Оросуудын талд аялдан дагах магадлал өндөр. Энэ гурван улс Хойт мөсөн далайн төв хэсгийг хамтран эзэмших санаархлаа хэрэг дээрээ хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэдний Хойт мөсөн далай дээгүүр Евроазийг Хойт америктай холбосон “гүүр” байгуулах далд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зугуухан алхмын эхлэл нь иймэрхүү дүр зурагтайгаар эхэлж байж болох. Энэ мэтээр умард мөсөн далай олон улсын хэмжээнд хэрүүлийн алим болж мэдэх юм.
Арктикийг сонирхох сонирхол маш хурдтай тархаж байна. Зөвхөн ашигт малтмал, далайн таатай маршрутын хүрээнд бус. Арктик нь цэрэг батлан хамгаалахын чухал стратеги нутаг. Жишээлбэл тэнд баллистик пуужин хөөргөх маш тохиромжтой байрлал бий. Түүнээс гадна дэлхийн дулаарлын нөлөөгөөр цагаан далайн мөс хайлж, одоо тэнд жилийн ихэнх хугацаанд тэнгисийн цэргийн үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна.
Хятадууд Хойт мөсөн далайд явуулж буй сонирхлын анхдагч шалтгаанаа Хойт тэнгисийн усан тээврийн ирээдүйн их боломж хэмээн Арктикийн Зөвлөлд тайлбарлаж байгаа юм. Гэвч тэдний сонирхол ганц үүгээр хязгаарлагдахгүй байгаа нь тодорхой. Байгалийн асар их баялагтай Арктикийн бүс нутагт тэдний эдийн засаг, эрдэм шинжилгээний нэлээд гүн гүнзгий ашиг сонирхол хавчуулагдаж байж таарна.
Гэвч тэднийг Хойт тэнгист тоглуулах хүсэлтэй улс орон тун цөөн. Тухайлбал Норвег Бээжингийн энэ санаархалд хамгийн түрүүнд хориг тавина. Энэ бас цаанаа улс төрийн учир шалтгаан байх шиг. Юу гэвэл 2010 онд Осло Хятадын тэрс үзэлтэн Лю Сяобод Нобелийн шагнал хүртээсний дараа энэ хоёр улсын харилцаа хүйтэрч эхэлсэн юм.
Гэхдээ л энэ хүчирхэг эдийн засагтай улс оронд бүхий л боломж бараг нээлттэй байдгийг санах хэрэгтэй. НҮБ-ын Арктикийн хилийг тогтоох комисст Хятадын мэргэжилтнүүд оролцдоггүй ч энэ асуудлаар тэд шийдвэр гаргахад нөлөөлж чадна. Хятадын эдийн засгийн хүчирхэг байдал нь Арктикт томоохон төслийг бодит утгаар хэрэгжүүлж чадна гэдэгт бас эргэлзэх хэрэггүй. Ийм улс Арктикийг эзэн хүний нүдээр харахгүй гээд яах ч билээ дээ.
П.Булган
Сэтгэгдэл ( 4 )
”Smart service” 100% даатгалтай дуудлагын жолооч. 1 цаг нь 10.000. 5 1 үнэгүй. Утас 9594-9494
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Энэ хятадуудад санаархахгүй юм гэж алга болж дээ
Хятадуудын хөл хүрэхгүй газар энэ дэлхийд нэгээхэн ч үгүй. Тэд Арктик, Антарактид аль алинд нь эзэмшилтэй болохын төлөө байгаа.